Даваа гарагт Путиний тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын тээврийн сайд Роман Старовойт амиа хорлосон байдалтай олдсон тухай тус улсын албаны эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Энэ талаар Мягмар гарагт сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковоос тодруулахад “Ийм мэдээ жирийн хүмүүсийг цочроохгүй байхын аргагүй, мэдээж биднийг ч бас цочирдуулсан” гэж хариулсан байна.
Тэрбээр сайдын үхлийн талаар ерөнхийлөгч Путинд “нэн даруй мэдэгдсэн” гэж хэлсэн ч мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй тул илүү мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Старовойтын цогцсыг Даваа гарагт Москвагийн захын Одинцово дүүргийн нутаг дэвсгэрт өөрийнх нь Тесла автомашины ойролцоогоос олсныг цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлсэн юм.
Тэрбээр 2018-2024 оны хооронд Курск мужийн захирагчаар ажилласныхаа дараа ОХУ-ын тээврийн сайдын албан тушаалыг нэг жил гаруй хугацаанд хашжээ.
Старовойтыг огцруулах болсон нь Курск мужийн нутаг дэвсгэрт Украины халдлагаас хамгаалах бэхлэлт байгуулах төслийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.
Тэрбээр энэ хэрэгт шууд холбогдолгүй байсан ч түүнийг залгамжилж Курскийн захирагчаар томилогдсон Алексей Смирнов саяхан сайдын эсрэг мэдүүлэг өгсөн талаар зарим эх сурвалж мэдээлжээ.
Старовойтыг захирагчаар ажиллаж байх үед Курск мужид хэрэгжсэн төсөл гурван жил үргэлжилж, 15 тэрбум рублийн ($190 сая) хөрөнгө зарцуулсан гэдэг.
Гэсэн хэдий ч уг төсөл үр дүнд хүрээгүй бөгөөд өнгөрсөн онд Украины цэргүүд Курскийн нутагт хурдтай довтлон ороход төдийлөн саад учруулаагүй юм.
Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын төрийн Дум дэд сайд Андрей Никитинийг тээврийн сайдын албан тушаалд томилох шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!