Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллоос Нарны зам хүртэлх төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцыг барьж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр иргэд Нарны хорооллоос хойшоо шууд нарны зам, Монгол эм импекс компани рүү хүрэх гарцтай болж байгаа аж.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Нарны хорооллоос Нарны зам руу буюу хотын төв рүү гарах боломжтой явган хүний гүүрэн гарцтай боллоо.
Хотхоноос гарахын тулд заавал машинтай түгжирч, тойрохгүйгээр явганаар шууд нарны зам руу гардаг зам хэрэгтэй байна гэдгийг тус хотхонд ажиллах үеэр иргэд хэлж байсан. Уг гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм.
Нарны хороолол, нөгөө талд “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсэд орц, гарц дээр ихээхэн ачаалал үүсдэг. Тиймээс ид ачааллын үед түгжрэл сааруулах, хотхоноос орох, гарах үед түргэн хугацаанд явганаар хотын төв рүү орох боломжтой боллоо" гэв.
Гүүрэн гарц нь 100 метр урт, цахилгаан шатгүй. Бүтээн байгуулалтын ажлыг “Стадиум Бюлдинг” ХХК гүйцэтгэжээ.
Явган хүний гүүрэн гарцыг Нийслэлийн Замын Хөгжлийн Сангийн 1.4 тэрбум төгрөгөөр барих санхүүжилтийг нийслэлийн 2024 оны төсөвт тусгаж, тендер зарлаж байв.
Гүүрэн гарцны зургууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!