Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр сургуулийн менежментийг сайжруулах төслийг 1.2 тэрбум төгрөгөөр хийлгэсэн гэх асуудал нь авлига, ашиг сонирхлын зөрчил гэж нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдсэн. 

Үүнд сайд П.Наранбаяр "2022 оноос эхлээд мөнгө төлөвлөөд менежментийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр Боловсролын Ерөнхий Газарт миний өмнөх сайдын үед тушаалыг нь гаргаад, амжилттай явуулж байгаа. Түүнийг нь үргэлжлүүлсэн" гэж тайлбарласан

Түүнээс өмнө буюу 2021-2024 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан бөгөөд үүсээд буй асуудалтай холбоотойгоор цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.

Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчхээд түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ?" гэжээ. 

Мөн Элсэлтийн Шалгалтын талаар "Намайг ажиллаж байх сүүлийн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит факт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Л.Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье.

Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН-ий удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье" гэсэн байна.