УИХ-ын нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаж мэдээлэл хийлээ.
Шаардлагын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд Г.Занданшатар ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ УИХ-ын чуулганы танхимд мэдэгдсэн. Зарчимтай, үнэн байна гэдгээ мэдэгдсэн. Ийм ч учраас Г.Занданшатарыг 94 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон.
Өнөөдөр нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж байна.
Авлига, албан тушаалын асуудлаар огцрох болсон үндэслэлийг танилцуулъя. 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр сургуулийн менежментийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаа мэдэгдсэн. Үүнийг нь УИХ-ын гишүүд шүүмжилсэн. Гэтэл 120 сургуульд тус бүр 10 сая төгрөгийг буюу 120 тэрбум төгрөгийг тараан байршуулсан. Үүний дараа тухайн 120 сургуулиас нэг төрийн бус байгууллага руу дээрх мөнгийг буцаан төвлөрүүлсэн. Энэ бол авлига, ашиг сонирхлын асуудал.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт алдаатай, зарим шалгалтын материал алдагдсан байж болзошгүй асуудал гарсан.
Мөн П.Наранбаяр сайд төсвийн хөрөнгийг өөрийн өмнө нь ажиллаж байсан байгууллагадаа шилжүүлж эрх мэдлээ ашигласан байж болзошгүй баримт байна. Иймээс П.Наранбаяр хуульд нийцэж ажиллаж чадахгүй хүн юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Элсэлтийн шалгалт өгсөн хүүхдийн оноог өсгөж өгсөн баримтыг Дархан-Уул аймгаас ирүүлсэн. Шалгалтад 71 оноо авсан байсныг систем дээр 93 болгож өсгөсөн байна. Энэ бол магадгүй Боловсролын сайдын өгсөн чиглэлийн дагуу зөвхөн Боловсролын Үнэлгээний Төвийн дарга хийж чадах зүйл. Тиймээс хэн, яаж дүн өсгөсөн бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай байна.
Монголын Улсын хүний хөгжил, боловсролын асуудлаар тоглож байгаа хүнд хариуцлага тооцооч гэдэг улс төрийн шаардлагыг эрх бүхий этгээдэд хүргүүлж байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Миний гарт Нийгмийн ухааны хичээлийн шалгалтын C хувилбар байна. БҮТ-ийг мэргэжлийн бус хүн удирдаж байгаа. Яагаад тийм чухал байгууллагаа мэргэжлийн бус хүнээр удирдуулж байгаа юм бэ. Өнөөдрийн гарч байгаа асуудал бол мэргэжлийн бус удирдлагатай холбоотой.
Нийгмийн ухааны шалгалтын материал дахь текстэд солонгос хүмүүсийн нэр байгаа. Тэдгээр хүмүүсийг соёл судлаач гэсэн байгаа. Би өөрөө соёл судлаач хүн. Тэдний талаар Соёлын яам, Солонгос дахь Монгол судлалын холбооноос асуухад “Ийм судлаач байхгүй” гэдэг хариу өгсөн. Тэгээд жүжигчний нэр юм болов уу гэж бодлоо. Миний толгой эргээд, шалгалтын текстэд нэр нь байгаа судлаач гэх хүмүүсийг хэдэн өдөр хайсан. Гэтэл энэ нь зохиомол текст юм байна. Үүний логик агуулгаар хүүхдүүд шалгалтаа өгөх ёстой юм билээ. Зохиомол текст байж болно. Гэтэл хэн үүнийг зохиох эрхтэй байдаг юм бэ. Яагаад ийм хариуцлагагүй юм хийдэг юм бэ. Энэ бол цэвэр мэргэжлийн бус удирдлагатай холбоотой.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Боловсролын салбар бол Монголын ирээдүй. Энэ салбарыг нэг нам, нэг хүнээр тоглуулаад байх нь буруу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!