Уншиж байна ...
Зураг
Зураг

Сонгодог урлагийн үзэгчдийн хоног тоолон хүлээдэг "Хунт нуур" балет гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар тоглогдох гэж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

П.И Чайковский "Хунт нуур" балет Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-ын тайзнаа тавигдаж эхэлсэн 50 жилийн ой энэ жил тохиож байна. 

Иймд УДБЭТ-аас П. И Чайковский "Хунт нуур" балетыг 2025 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчдийг урьж Буриадын театрын тавилтаар, зургаадугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагт өөрийн театрын тавилтаар тоглохоор болжээ.  27, 28-ны өдрийн тасалбар дууссан байгаа ба 26-ны тоглолтын тасалбар худалдаалагдаж байгаа юм байна. 

Уг тоглолтын хүрээнд УДБЭТ-т 100 гаруй балетын жүжигчид цуглаад байгаа аж. Буриадын уран бүтээлчид 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ирээд байгаа ба олон жил Монголдоо ирээгүй учир энэ удаа хамтран ажиллахаар ирээд буйдаа баяртай байна гэдгээ илэрхийлэв. 

148 жилийн түүхтэй "Хунт нуур" балет нь дэлхийн сонгодог балетын оргил билээ. Тус балетад бүжиглэсэн бүжигчид сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддагаараа онцлог байдаг байна.

Хунт нуур бүжгийн жүжгийн хөгжим нь хөгжимчдөөс маш их ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг ба хамгийн гол хэсэг нь хоёрдугаар үзэгдлийн хийлийн гоцлолтой хэсэг байдаг аж. Энэ удаагийн тоглолтын хөгжмийг хоёр өөр тавилтаар тоглох гэж буй нь сонирхууштай үйл явдал гэдгийг онцлов.

"Хунт нуур” балет нь УДБЭТ-ын тайзнаа 1975 онд Б.Жамьяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож байжээ"

"Хунт нуур" балетын Монгол дахь 50 жилийн түүх: 
П.И. Чайковский "Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28-ны өдөр Балетмейстер Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач. Ч.Гунгаасүх ажиллаж байсан. Тус балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байжээ. 

"Хунт нуур” балетын гол дүрүүдэд: Одетта, Одиллия-д -Зууны манлай балетын жүжигчин, МУАЖ Ю.Оюун, Зигфрид-д МУГЖ Э.Оюунбат, Ротбарт-д МУГЖ Н.Баатар, Алиа салбадайд- АЖ Х.Ганбаатар нар тоглож байсан байна.

Тус балетыг амилуулдаг гол зүйл бол гоцлол хөгжмийн номер байдаг. Тэгвэл анхны хөгжмийн гоцлолуудыг Хийл-Л.Аюуш МУГЖ, Виолончель-Ж.Жиняаз, Труба-Ч.Наранхүү, Арф-Бү.Чинбат, Гобой-Н.Даваадорж, Кларнет- Г.Гомбосүрэн, Флейт-Н.Даржаа, Фагот-Л.Мягмарсүрэн, В Волторн-Б.Батчулуун/МУГЖ/ нар тоглосон. Ийнхүү Дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг 50 жилийн турш УДБЭТ-ын хамт олон өөрийн тайзнаа амилуулж байна. Монголын сонгодог урлагийн үзэгчид "Хунт нуур балетын тоглох өдрийг хоног тоолон хүлээж байдаг нь тус бүтээлийн үнэлэмжийн нэг хэлбэр болжээ.