Үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодези, усны барилга, байгууламжийн газраас өнөөдөр мэдээлэл хүргэлээ.
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээтэй холбоотой мэдээллийг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан дараах байдлаар танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ "Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах системийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар хариуцдаг.
2023, 2024 онд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар хотод их хэмжээний үер усны эрсдэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НЗДТГ-ын зүгээс тодорхой ажлуудыг төлөвлөн хийж хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотын төв хэсгээр 26 километр үргэлжилдэг Сэлбэ, Дунд голд их хэмжээний үерийн эрсдэл үүсэж, тодорхой байршлуудад хальсан.
Үерийн эрсдэл үүссэн гол шалтгаан нь:
Эдгээр зөрчилд газар чөлөөлөх, тухайн байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламжуудыг хүчитгэх ажлуудыг хийж байна.
Томоохон ажлаас дурдвал:
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар “Билгүүн Монгол” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Сэлбэ сэргэлт зураг төслийн хүрээнд S'Outlet-ийг буулгасан. Үүнтэй холбоотой үерийн хамгаалалтын барилга байгууламжийг босоо түшиц хана болгож, хүчитгэх ажил үргэлжилж байна.
Босоо түшиц хана буюу үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Геодези, усны барилга байгууламжийн газраас тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэнэ.
Иргэд амарч зугаалах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хоёр эрэг болон далангийн хоёр налууг тохижуулах ажлуудыг үе шаттай хийнэ.
Доош баруун уулын сувагтай нийлэх хэсэг дээр үерийн хамгаалалтын барилга байгууламжид дур мэдэн орц гарц гаргаж, голын үндсэн урсцыг хааж боосон асуудал илэрсэн. Иймд энэ хавар тухайн голын урсцыг бүрэн чөлөөллөө. Улмаар Сэлбэ голын найман байршилд голын голдирол хааж, боосон зөрчлийг арилгасан" гэлээ.
Үргэлжлүүлэн "Энэ жил Дамбадаржаагийн хэсэгт буюу Долоон буудлын баруун талд үерийн ус хуримтлуулах таван шатлалт тунгаагуурын ажлыг хийж гүйцэтгэхээр захирамж, шийдвэрүүд гарлаа.
Геодези, усны барилга байгууламжийн газраас тухайн ус хуримтлуулах сангийн ажлыг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.
Сэлбэ болон Дунд голтой холбоотойгоор өнгөрсөн жил лаг хагшаас цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн.
2023, 2024 оныхтой дүйцэхүйц хэмжээний үер Дунд гол дээр үүсэх эрсдэл байсан. Улмаар Сэлбэ болон Дунд голыг чөлөөлж, лаг хагшаасыг цэвэрлэсэнтэй холбоотойгоор үерийн эрсдэл харьцангуй багаслаа.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулжээ.
Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд:
Төлөвлөгөөний дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газраас 2024 онд 15 байршилд 10 км урт зам талбайн борооны ус зайлуулах системийг барьж байгуулав.
Үүний томоохноос дурдвал Төв цэнгэлдэх хүрээлэн, Доржийн гудамж, зуслангийн хоёр байршил, Дарь-Эхийн борооны ус зайлуулах системийн шугам угсралтын ажлуудыг тус тус хийлээ.
Энэ жил 10 байршилд 15.5 километр урт шугам сүлжээний барилга угсралтын ажлыг эхлүүлээд явж байна.
Алтай хотхоны баруун талын гүүрэн доор маш их хэмжээний ус тогтдог.
Өнгөрсөн жил таван байршилд босоо түшиц ханыг сэргээсэн. Энэ жил баруун уулын суваг буюу Бөмбөгөрийн хажууд босоо түшиц хана нурж унасныг нөхөн сэргээж дууслаа.
Үүнд Улаанбаатар хотын ЗДТГ-ын зүгээс анхаарч, Дэлхийн Банк болон Хятадын экзим банкны хөнгөлөлттэй зээл тусламжаар есөн байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж байгуулах, Туул, Сэлбэ голын эргийн хамгаалалтын даланг бүрэн шинэчлэхээр зураг төслийн ажил нь бүрэн хийгдсэн.
Одоогоор ТЭЗҮ боловсруулах зарим ажил үргэлжилж байна.
Үерийн хамгаалалттай барилга байгууламжийн лаг хагшаасны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг одоогоор таван байршилд гүйцэтгэж байна. Нийт 48,000 метр куб лаг хагшаасны цэвэрлэгээний ажил хийнэ.
Зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд хаврын их цэвэрлэгээ болон намрын давтан цэвэрлэгээ гэж хийдэг. Хаврын их цэвэрлэгээг бүрэн хийж дууссан. Бороо орох үед шугам сүлжээнүүд хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна" гэдгийг Ерөнхий инженер С.Батсайхан хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!