Яс, үе мөчний өвчнөөр монголчуудын гурван хун тутмын нэг нь хунд хөнгөн хэлбэрээр өвчилдөг байна. Тиймээс уг өвчлөлийн шалтгаан, эмчилгээ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Зуун наст”уламжлалт эмнэлгийн эмч Фу.Шугуй зөвлөж байна.
Дороосоо даарах нь үе мөчний өвчний эх үүсвэр
Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина нь монголчуудад ихээр тохиолддог өвчний нэг. Дороосоо даарах, хүйтэн юм уух, биеийн дархлаа сулрах, ханиад томууг сайн эмчлүүлэхгүйгээс үүсдэг өвчин. Тиймээс хөнгөн бол тохирсон эм тан хэрэглэх, ангины хор гаргах тусгай цай уух, дархлаа дэмжиж биеэ чийрэгжүүлэх зэргээр эдгээж болно. Хэрэв архагшиж, үе мөч зүрхэнд орсон бол тус тусын эмчилгээг мэргэжлийн эмчид хандаж хийлгэх шаардлагатай.
Хамгийн гол нь зөв оношлуулах
Яс ургалт, ясны сийрэгжилт болон шохойжилт нь дундаас дээш насны хүмүүст хөнгөн хэлбэрээр тохиолддог боловч байршил болон өвчний явцаас их зүйл шалтгаалдаг. Хэрэв эдгээр өвчний өөрчлөлт өвдөг, нуруу, мөр зэрэг үесийн завсар ургасан, шохойжсон байвал эрт оношлуулж зөв, оновчтой эмчилгээг хийлгэж өвчний явцыг зогсоох нь чухал.
Үгүй бол үе мөчний хөдөлгөөнд нөлөөлөх, хазгар доголон болгох, суудлын мэдрэл зэрэг мэдрэлийн ёзоор дарагдсанаар доод бие мэдээ алдах зэрэг ноцтой үр дагаварт хүрдэг. Аливаа үе мөчний өвчин нь дан ганцаараа байх нь ховор. Хавсарсан буюу хурсан байдаг тул эхлээд гол шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй. Энэ төрлийн өвчин амархан сэдэрдэг учир эмчилгээг сайн хийлгэж гам барих хэрэгтэй юм.
40-өөс дээш насныхан ясны тэжээлээ нөхөх хэрэгтэй
Яс, үений өвчин түгээмэл боловч насжилтыг даган хүн бүр их бага хэмжээгээр өвчилдөг учир иргэд тодорхой хэмжээний ойлголттой болох нь чухал. Тухайлбал, чийг, хүйтнээс ямагт өөрийгөө хамгаалж, хоолойны ангинатай бол сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Мөн жингээ хэвийн хэмжээнд барьж хөдөлгөөн тэнцвэртэй байх нь чухал. 40-өөс дээш насны хүмүүс тодорхой хэмжээгээр ясны тэжээл нөхөх, эмэгтэйчүүд цэвэршилт буюу дааврын өөрчлөлт орохоос сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн хүнд зүйл өргөхгүй, ясны шөл, сүү тараг, шинэ ногоо, жимс байнга хэрэглэж заншаарай.
Мөн ясны сийрэгжилт, цэвэршилтийн эсрэг нунтаг шар буурцгийг усанд найруулж уух буюу тараг, айрганд зуурч, яс үе мөчин дээрээ халуун жин тавих зэргээр урьдчилан сэргийлж болно. Хэрэв үе мөчний тодорхой өөрчлөлт илэрсэн бол эмчид үзүүлж цаг алдалгүй эмчлүүлэх нь зүйтэй. Өвчилсний дараа бус өвчлөхөөсөө өмнө өөрийгөө хамгаалж, зайлсхийж чаддаг болох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|