Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё өндөрлөсөн. Энэ тэмцээнд ёкозүна буюу их аварга цолын болзол сонсоод байсан озеки Оносато 14 даваа, 1 унаагаар түрүүлсэн билээ.
Унаагүй 14 даваад байсан 24 настай залуу озеки сүүлийн өдөр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнд ялагдсан билээ.
Харин гол өрсөлдөгчөө унагаасан их аварга Хоошёорюү 12 даваа, 3 унаагаар үзүүрлэлээ. Комүсүби Вакатакакагэ мөн сүүлийн өдөр Тобизарүг ялснаар 12 даваа, 3 унаагаар техниктэй бөхийн шагнал авсан бол 11 давж, 4 унасан секивакэ Киришима Б.Лхагвасүрэн мөн техниктэй бөхийн шагнал авчээ.
Тэгвэл дайчин барилдааны шагналыг 11 ялж, 4 унасан Аонишики, 38 насандаа 10 даваа, 5 унаатай Саданоүми нар хүртэв.
Жүрье зиндаанд Күсано 13 даваа, 2 унаагаар түрүүлэв. Ингэснээр 24 настай япон эр ирэх тэмцээнд дээд зиндаанд хүч үзэх нь тодорхой болжээ.
Ёкозүна цолын болзол хангасан Оносатод цол олгох эсэхийг өнөөдөр Ёкозүнагийн Зөвлөлөөр хэлэлцээд ирэх Лхагва гарагт сүмогийн холбоо тусгай хурал зохион байгуулж, цол олгох эсэхээ албан ёсоор шийднэ.
Сүмогийн холбооны дүрэмд озеки цолтой бөх хоёр тэмцээн дараалж түрүүлэх эсхүл түрүүлсэнтэй тэнцэх амжилт үзүүлбэл их аварга цол өгнө гэж заасан байдаг.
Оносатогийн хувьд мэргэжлийн сүмод орсон цагаасаа хойш 13 тэмцээний дараа ёкозүна цолын болзол сонссон нь 1909 оноос хойш өнөөгийн системд орсноос хойших дээд амжилт юм.
Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!