Тайландад Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал цуглаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш зогсолтгүй үргэлжилж, сүүлийн үед улам бүр эрчимжиж байна.
“Оюутнууд болон ард түмэн ардчилсан шинэчлэлийн төлөө” хөдөлгөөнийхөн өчигдөр Тайландын Ерөнхий прокурорын газрыг бүсэлсэн тухай тус улсын Thai PBS телевиз мэдээлжээ.
Босогчид энэ өдөр агаарын нисэх хүчний ажлыг тасалдуулахаар төлөвлөсөн байсан ч сүүлийн мөчид төлөвлөгөөгөө өөрчилж Ерөнхий прокурорын байшинг бүслэхээр явцгаасан байна. Энэ нь урьд шөнө Ардчилсан намын тэргүүн, экс Ерөнхий сайд Апхисит Ветчачивагийн гэрт болсон дэлбэрэлттэй холбоотой аж.
Азаар гэрт нь хэн ч байгаагүй учраас хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Үүнийг явуулж буй босогчид өөрсдийнх нь эсрэг авч буй арга хэмжээ хэмээн хүлээн авсан тул Ерөнхий прокурорын газрыг бүсэлж эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.
Апхисит Ветчачива нь 2010 онд Тайландын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Йинглакийн ах Таксин Чинаватыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд хоёр cap үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоохоор цэргийн хүчийг дайчилж байсан нэгэн юм.
Одоо Бангкогт өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэгч, сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыаксубан тухайн үед Апхисит Ветчачивагийн орлогчоор ажиллаж байжээ.
Тайландын Ардчилсан намынхны зүгээс Ерөнхий сайд Йинглак Чинаватыг ирэх хоёрдугаар сарын 2-нд болох парламентын сонгуулиас өмнө суудлаас нь буулгахыг хүсч буй ч Ерөнхий сайд тэдний хүсэлтээр огцрох шийдвэр гаргахгүй хэмээн мэдэгдсэн нь гал дээр тос асгасан адил босогчдын уур хилэнг бадраасан аж.
Тиймээс Засгийн газрыг гурав хоногийн дотор огцрохыг шаардсан тухай Тайландын MKom Chad Luek” сонин мэдээлжээ.
“Хэрэв Ерөнхий сайд ба түүний танхимын гишүүд гурав хоногийн дотор огцрохгүй бол бид өөрсдийн хүчээр тэднийг барих болно” хэмээн сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыаксубан мэдэгдсэн байва. Үүний зэрэгцээ жагсагчид хэд хэдэн сайд нарын гэрийг бүслэн хааж, хэрэглээний ус, цахилгааныг нь тасалжээ.
Жагсагчид Бангкокт Худалдааны яамны байрыг бүслэн хаасан тухай өмнө нь мэдээлсэн. Тэд энэ ажиллагаагаа Засгийн газрыг огцортол зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!