Ромын католик сүм хийдийн шинэ тэргүүнийг сонгох кардиналуудын нууц чуулганыг тавдугаар сарын 7-нд эхлүүлэх болсныг Ватиканы засаг захиргаа өчигдөр зарлажээ.
Бямба гарагт пап Францисийг оршуулсны дараа кардиналууд анх удаа хаалттай горимд уулзаад ийм шийдвэр гаргасан юм байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс 80-аас доош насны 135 кардинал уг чуулганд оролцдог юм.
Тэд 1.4 тэрбум католик шашинтны дараагийн удирдагч хэн болохыг шийднэ.
2005, 2013 онуудад болсон шинэ папыг сонгох өмнөх чуулганууд хоёр өдөр үргэлжилж байжээ.
Гэхдээ пап Францисийн шинээр томилсон олон кардинал урьд өмнө нь хоорондоо уулзаж байгаагүй тул энэ удаагийн чуулган илүү удаан үргэлжилж магадгүйг Шведийн кардинал Андерс Арборелиус мэдэгдсэн байна.
Талийгаач пап урьд өмнө кардинал тодорч байгаагүй улс орнуудаас, тухайлбал Мьянмар, Хайти, Руандагаас кардинал тодруулахыг чухалчилдаг байжээ.
2013 оноос хойш папын суудалд заларч байсан Францис өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт 88 насандаа таалал төгссөн юм.
Түүний оршуулгын ёслолд дэлхийн олон орны удирдагчид, нийт 400,000 орчим хүн оролцсон байна.
Латин Америкаас анх удаа сонгогдсон пап Францис католик сүм хийдүүдийн хувьд хөндөхөөс зайсхийдэг байсан эмзэг сэдвүүд болох эмэгтэй санваартны томилгоо, бэлгийн цөөнхийн сүсэгтнүүд зэрэг асуудлуудад анхаарал тавьдаг байв.
Тиймээс кардиналууд дараагийн папыг сонгоход Францисийн шинэчлэлийг үргэлжлүүлэх хүсэлтэй хэсэг болон хуучинсаг хэсэг хоорондоо өрсөлдөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!