Украины фронтын шугам дээр Ням гарагийг дуустал хугацаанд бүх байлдааны ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр зарлажээ.
Загалмайн шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулан зарласан энэ шийдвэр нь Бямба гарагийн оройгоос эхлээд Ням гарагийн шөнийн 00 цаг хүртэл 30 цагийн хугацаанд үргэлжлэх юм байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ хугацаанд адилхан арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн ч Оросын байлдааны ажиллагаа зарим хэсэгт зогсоогүй байгааг анхааруулжээ.
“Хэрвээ Оросын тал гэнэт, болзол нөхцөлгүйгээр гал зогсоож байгаа бол бид бас дагахад бэлэн байна. Бидний хариу үйлдэл тэгш хэмтэй байх болно. Өмнө нь яригдсан 30 хоногийн гал зогсоох санал хүчинтэй хэвээр байгаа. Бид үүний хариуг Москвагаас хүлээж байна” гэж Зеленский сошиал хуудсандаа бичсэн байна.
Гэхдээ тэр Оросын Курск, Белгород мужуудад байлдааны ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгааг сануулжээ.
АНУ-ын засаг захиргаа өмнө нь ямар нэг урьдчилсан болзолгүйгээр 30 хоног гал зогсоох санал гаргасныг Украины тал дэмжсэн ч Оросын тал хариу өгөөгүй байгааг Зеленский ийнхүү хэлсэн бололтой.
“Путин өнөөдөр гал зогсооход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ 30 хоног биш, 30 цаг. Харамсалтай нь түүний хэлсэн үг үйлдэлтэйгээ таарахгүй байсаар ирсэн. Бид түүний үгэнд итгэж болохгүйг мэддэг бөгөөд зөвхөн үйлдлийг нь харах болно” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа бичжээ.
Путин өчигдөр зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовтой уулзахдаа түр гал зогсоох шийдвэрийг зарласан юм.
“Хүмүүнлэг ёсны үүднээс Оросын тал Улаан өндөгний баярын түр эвлэрлийг зарлаж байна. Энэ хугацаанд бүх цэргийн үйл ажиллагааг зогсоохыг би тушааж байна. Украины тал бидний жишгийг дагана гэдэгт найдаж байна. Үүний зэрэгцээ манай цэргүүд гал зогсоох хугацаанд гарсан дайсны аливаа хатгалга, түрэмгий үйлдлийг няцаахад бэлэн байх ёстой” гэж Путин энэ үеэр хэлжээ.
Энэ нь Украины дайны дундуур гал зогсоох оролдлого гаргасан анхны тохиолдол биш юм. 2023 оны нэгдүгээр сард Үнэн Алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан гал зогсоох санал гарч байсан ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй юм.
2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байна.
Өнгөрсөн сард Трампын засаг захиргаа гал зогсоох санал гаргасныг Украины тал зөвшөөрсөн ч Оросын тал зөвшөөрөөгүй.
Баасан гарагт Дональд Трамп ойрын өдрүүдэд Орос-Украины дайныг зогсоох чиглэлд ахиц дэвшил гарахгүй бол АНУ зуучлагчийн үүргээсээ татгалзахад бэлэн байгааг анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!