Уншиж байна ...

Манай улсын агаарын орон зайг 20 жилийн хугацаанд зохицуулах 5 нүүр бичиг баримтын тухай хэн, юу хэлэв?

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв. Тус хэлэлцээрийн төсөлд Оросын талтай хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлшийг нийлүүлэх бөгөөд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. 

Төсвийн байнгын хорооны гишүүд уг хэлэлцээрийн төслийг дэмжсэн бол Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон АН-ын бүлгийн гишүүд уг асуудлаар гурав хоногийн завсарлага авав. Хоёр байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд нэгтгээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. 

ОХУ-тай хамтарсан компани байгуулж, тухайн компани нь 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлшийг нийлүүлэхийн зэрэгцээ "Чингис хаан" олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдаж, ашиглах тухай гэрээний талаар УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь болоод асуудлыг хариуцан Засгийн газрын өмнөөс хариулт өгсөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг хүргэж байна. 



Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг өмнө нь “Мэргэ ван” гэдэг хувийн хэвшлийн компани хариуцаж байсан. Онгоцны түлш өндөр үнэтэй болсон учраас хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн 100 хувийн хувьцаатай “Эрчис ойл” гэдэг төрийн мэдлийн компани байгуулсан. Энэ компанийг байгуулснаас хойш агаарын хөлгийн түлшний үнэ тогтворжсон. Дээрээс нь өнөөдөр хувийн хэвшлийн борлуулж байгаагаас 800,000-1,000,000 төгрөгөөр хямд борлуулж байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байгаа. 2028 оны эхний улиралд үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.

Хамтарсан компани “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдаж, ашиглана гэдэг нь онгоцыг цэнэглэхэд ашигладаг систем байдаг, оруулж ирсэн түлшээ энэ систем рүү байрлуулж, хадгалахыг хэлж байгаа юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг япончууд хийгээд явж байгаа. Түлшээр хангах, цэнэглэх зэрэг асуудлаа давхар хариуцаад явж байсан боловч “Үүнийг бид хийж чадахгүй юм байна” гэдэг санал тавиад манай талд буцааж өгсөн. Үүний дараа дээр дурдсан “Мэргэ ван” гэдэг компани тендерт шалгараад хийж байгаад больсон. Одоо бол японы талтай ямар нэгэн өмчлөлийн асуудал байхгүй. Хамтарсан компани байгуулсан ч гэсэн “Эрчис ойл”-ын мэдэлд очсон байгаа нисэх буудлын дэд бүтцээс хувь эзэмшихгүй.

Компанийн эзэмшлийн 60/40 гэдэг харьцааг гэрээнд бус санамж бичигт тусгасан байгаа. Үүнийг компани байгуулах гэрээнд оруулна. Энэ асуудал дээр нөгөө талтай тохиролцсон.

“Монгол Улсад нийлүүлж байгаа шатахууны 30-аас дээш хувийг хангадаг компани дотоодын жижиглэн борлуулалт хийхгүй” гэдэг заалтыг гэрээнд оруулсан.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улс агаарын хөлгийн түлш найдвартай нийлүүлэгчтэй болох асуудал чухал. Гэхдээ ганц нийлүүлэгчээс хамааралтай гэрээг УИХ-аар оруулж ирж зөвшилцөж байгааг ойлгохгүй байна. Аж ахуйн асуудлыг аж ахуйн түвшинд нь шийдэж сур л даа. Ажил хийж байгаа нэрээр ийм тулгалт оруулж ирдгээ боль. Та нар хэлэлцээр хийгээгүй, ажиллаагүй байна. Монголын эрх ашгийг хамгаалсан заалт нэг ч алга. Монгол Улсад давуу байдал олж авахын төлөө ийм хэлэлцээр хийлээ гэдэг юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг нийлүүлэгчтэй болсноор цаашид үнэ тогтвортой байж чадах уу гэдэг эрсдэлтэй асуудал. Нэг нийлүүлэгч хүссэн үедээ “тоглолтыг” гартаа авна. Энэ хэлэлцээрээр бид шинээр байгуулах гэж байгаа нефтийн үйлдвэрийнхээ орон зайг алдчихсан байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Хоёр улсын Засгийн газар хоорондын тавхан нүүр баримт бичиг боловч маш том салбарын асуудлыг 20 жилээр зохицуулах гэж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс хоёр томоохон хөршийн дунд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй ийм үед 20 жилийн хугацаатай гэрээ оруулж ирэх шаардлага байгаа юу. Манай улс бие дааж бодлогоо тодорхойлж, тэнцлээ хадгалдаг байх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 10 жил байна уу 20 жил байна уу бид хойд хөршөөсөө түлш авахаас өөр гарцгүй. Тэгвэл урд хөршөөс авах ямар арга байна вэ. Нэг гэрээ хийгээд цаг үеэ өнгөрөөгөөд дуусгачих вий дээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ гэрээнд иргэдийн хэрэглээний шатахууны худалдаа руу орохгүй гэдэг заалт нэмж болохгүй юу. Хойд хөршөөс оруулж ирсэн шатахуунаар гуравдагч хөршийн онгоцыг цэнэглэхэд хориг саад байхгүй биз дээ. Тал талаас нь харах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Л.Цогтгэрэл: Бид улс төрийн хувьд ардчилсан, эдийн засгийн хувьд нээлттэй замыг сонгоод 30 гаруй жил явж байна. Гэтэл нөгөө тал руу явсан гэрээ орж ирж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улам өрсөлдөөнгүй болгож, төрийн өмчит компанид монопол эрх олгосон хэлэлцээрийн төсөл орж ирж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэх үү. Манай улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа маш чухал. Гуравдагч хөрш рүү гарах ганц зам нь агаарын орон зай. Гэтэл энэ орон зайгаа гаднын компанид хэт давуу эрх өгч 20 жилээр гэрээ хийх гэж байна.

УИХ‑ын гишүүн Ж.Батжаргал: Оросын талын 40 хувийн хөрөнгө оруулалтыг гэрээнд их тодорхой болгоорой. Асуудал энд л гарна шүү. Түлш нийлүүлэх бус Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ шиг болоод байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав