Уншиж байна ...

2025 онд АНУ-ын эдийн засаг унахыг Трамп үгүйсгэсэнгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Fox News сувгаар ярихдаа ерөнхийлөгч Дональд Трамп 2025 онд АНУ-ын эдийн засаг унах эрсдэлийг үгүйсгээгүй байна.

“Би ийм зүйлийг урьдчилан таамаглах дургүй. Бид маш том зүйл хийж байгаа тул шилжилтийн хугацаа хэрэгтэй. Бид Америкийн баялгийг буцааж авчрах гэж байна. Үүнд бага зэрэг хугацаа шаардлагатай” гэж тэр эдийн засгийн уналт энэ онд болох эсэх тухай асуултад хариулжээ.

Харин Трампын засаг захиргааны худалдааны сайд Ховард Лутник өчигдөр NBC сувгийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо ижил асуултад “Огтхон ч үгүй” гэж хариулсан байна.

Сүүлийн хэдэн өдрийн турш Трамп өөрийн улсын хамгийн том худалдааны түншүүд болох Канад, Мексик, Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноосноо хэсэгчлэн буцаах, хойшлуулах зэргээр дараалсан арга хэмжээнүүд авсан нь АНУ-ын санхүүгийн зах зээлийг хямраагаад байгаа.

Өнгөрсөн долоо хоног нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьд арваннэгдүгээр сараас хойших хугацааны хамгийн муу долоо хоног байлаа.

Цар тахлын улмаас олон жил инфляцын дарамтад байсан худалдан авагчдад импортын татвартай холбоотой үнийн дарамт нэмэгдэж болзошгүй байна.

Үүнээс гадна Трампын тэрбумтан найз Илон Маскийн удирдан явуулж буй холбооны засгийн газрын ажиллах хүчний их цомхотгол нь Америкчуудын санааг зовоож байгаа.

Хямралтай холбоотой зарим шинж тэмдгүүд ч ажиглагдаж эхлээд байна.

Atlanta Federal Reserve индекс энэ оны эхний улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.4 хувиар буурах тооцоо гаргасан нь цар тахлын үеэс хойших хамгийн муу үр дүнд тооцогджээ.

Мягмар гарагт Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэх үеэрээ Трамп импортын татвартай холбоотой “бага зэргийн цочрол” үүсэж болзошгүйг анхааруулсан ч “Гэхдээ бид зүгээр. Тийм их нөлөө үзүүлэхгүй” гэсэн үгээр зөөлрүүлсэн юм.

Саяхан бас Трампын сангийн сайд Скотт Бессент засгийн газрын зардлыг танаж буйтай холбоотой “хордлого тайлах үе” ирэхийг америкчуудад анхааруулжээ.

Тодорхойгүй байдлын улмаас судлаачид АНУ-ын эдийн засгийн талаар тодорхой таамаг дэвшүүлэхээс зайлсхийж байна.

Goldman Sachs банкны эдийн засагчид ирэх 12 сарын хугацаанд уналт болох магадлалыг 15 хувиас 20 хувь болгон өсгөжээ.

Мөн Morgan Stanley банк энэ жилийн өсөлтийг өмнөх жилийнхээс бага байх ерөнхий таамгийг дэвшүүлсэн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр улирал дараалан буурахыг эдийн засгийн хямрал гэж үздэг.

Цар тахал эхэлсэн 2020 оны эхээр АНУ-ын эдийн засаг хэсэгхэн хугацаанд хямарсны улмаас олон сая хүн ажилгүй болж байв.

 

Эх сурвалж: AFP