Цаг агаар дулаарч, нэмэх хэм рүү орсон. Мөн зарим байгууллага, аж ахуйн нэгжээс голын ай савд шороо асгаж нарийсгах, голын голдиролыг өөрчлөх зэрэг зүй зохисгүй үйлдлүүд гаргаж, улмаар эдгээр үйлдлээс шалтгаалж халиа тошин нэмэгдэж байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан мэдээллээ.
Тэрбээр “Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан энэ жилийн хувьд илүү тархмал хүрээнд олон байршилд халиа тошин үүссэн тул өдөр бүр арга хэмжээ аван ажилласан.
Харин ойрын өдрүүдэд цаг агаар нэмэх хэм рүү орсноор уулын шар ус ихээр орж ирж байна. Үүнээс гадна иргэд болон зарим аж ахуйн нэгж, байгууллагаас санаатай болон санамсаргүйгээр голыг нарийсгах, шугам хоолойг таслах зэрэг буруутай үйл ажиллагаа гаргаж, үүнээс үүдэн халиа тошин нэмэгдэх, авто зам дээр ус тогтох, айл өрх усанд автах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна” гэв.
Үерийн далан байгуулах, шугам хоолой угсрах, халиа тошингийн хэмжээг барьж, тогтоох ажлуудыг тогтмол хийж байгаа боловч нөгөө талд зарим хариуцлагагүй байгууллага, аж ахуйн нэгж, зарим тохиолдолд иргэний буруутай үйлдлээс шалтгаалж халиа тошин нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа юм. Цаашид цаг агаар илүү дулаарч, шар усны үер, халиа тошингийн нөхцөл хүндрэх магадлал өндөр байгаа учраас иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжтэй байж, дээрх үйлдлүүдийг гаргахгүй байхыг уриалав.
Мөн Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хороо, Сэлбэ голын орчимд халиа тошин халих эрсдэлгүй болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!