Уншиж байна ...

Арслан зааныг сэргээхээр ажиллаж буй судлаачид “үсэрхэг хулгана” бүтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 28 минут
iKon.MN
Зураг зураг

Эртний арслан зааныг сэргээн амьдруулахаар ажиллаж буй АНУ-ын Colossal Biosciences компанийн судлаачид энэ зорилгынхоо эхний шатанд “үсэрхэг хулгана” гаргаж авснаа зарлажээ.

ДНХ болон геномикийн технологи ашиглан тэд хулганыг урт, өтгөн үс ноостой, хүйтэн цаг уурыг тэсвэрлэх чадвартай болгон өөрчилсөн юм байна.

Дараагийн шатанд 2028 оны сүүлээр ердийн зааны хэвлийгээс арслан зааны тугал төрүүлэх зорилт тавьжээ.

Colossal Biosciences компанийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг Бэн Ламм “Үс ноостой хулгана бол зүгээр нэг инженерчлэлийн гайхамшиг бус. Энэ нь маш нарийн тооцооллын ажилд суурилсан генийг засварлах зорилтот арга маань үр дүнтэй болохыг батлан харуулж байгаа юм” гэж ярьсан байна.

Зарим палео-генетикчдийн зүгээс шүүмжлүүлдэг ч Colossal Biosciences компани одоогоор $435 саяын санхүүжилтийг хөрөнгө оруулагчдаас татаж, $10.2 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болоод байгаа.

Тус компанийн хөрөнгө оруулагчдын тоонд TWG Global, Winklevoss Capital Management зэрэг компаниудаас гадна Парис Хилтон, Питер Жэксон, Крис Хэмсворт зэрэг алдартнууд багтаж байна.

Colossal Biosciences нь тундрийн бүс нутгаас илэрсэн арслан зааны олдвороос генетикийн материал авч, түүндээ үндэслэн энэ амьтны хамгийн ойр төрөл болох Азийн зааны генийг засварлах зорилготой юм.

Энэ туршлага дээрээ үндэслэн цаашдаа додо шувуу, Тасманы бар зэрэг устаж үгүй болсон амьтдыг сэргээн амьдруулах зорилготой юм байна.

Ингэж сэргээх нь боломжгүй, экологийн зохицлыг дэмжих эцсийн зорилгодоо хүрч чадахгүй гэж үзэх судлаачид ч бас байдаг.

Компани нийт 38 үсэрхэг хулгана бүтээсний амьдрах чадвар ердийн хулганынхтай ижил түвшинд байгаа гэнэ.

Эдгээр нь байгалийн жамаараа амьдрах бөгөөд тэднийг зарах, үржүүлэх төлөвлөгөөгүй юм байна.

Гэхдээ энэ нь арслан зааны генийг хулганад суулгасны үр дүн биш болохыг Ламм тайлбарлажээ.

Үнэндээ энэ нь тус компанийн хөгжүүлсэн генийг засварлах арга техникийн туршилтын үр дүн юм байна.

Одоогоор тэд хулганын үсийг өтгөн урт болгож, бодисын солилцооны генийг нь хүйтэн цаг агаарт ажилладаг болгон өөрчилжээ.

Тэгээс бага температуртай нөхцөлд уг ген хулганын биед өөх хуримтлуулж чаддагаа харуулах ёстой бөгөөд энэ туршилтыг гүйцэтгэхийн тулд ёс зүйн зөвлөлөөс зөвшөөрөл хүлээж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Bloomberg