АНУ-д өрнөөд буй улс төрийн будилаан, тэгэх тусмаа туурга тусгаар Украин улсын Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьж авчраад хэлэлцээ хийх гэж бүтэлгүйтээд өөрсдийн алдар нэрийг шалан дээр унагаж хөглөсөн тухай хятад судлаач нэртэй орчуулагч Д.Болдбаатар АНУ-аас бичиж хөрвүүлж ирүүлснийг ямар нэгэн тайлбар нэмэлтгүй бүрэн эхээр нь толилуулъя.
“Мояа”, “Ояа” маягийн өнгө аястай үг яриа сэтгэгдлээрээ олон түмэнд танил болсон нөхөд одоо "Тараая аа" болчихсон өчигдрөөс хойш төрсөн аавыг нь барьж аваад нэвширтэл зодчихсон мэт үг хэлээр дайрч доромжилсоор байгааг мэргэн уншигчид лав харж байгаа биз ээ. Би уг нь амьхандаа болж өнгөрсөн үйл явдлын явц өрнөлийг хувь хүний байр сууринаас дүгнэж дамжуулсан төдий хэрэг шүү дээ. Тийм болж бүтэхгүй зүйл бичээгүйсэн гэж бодоод бичсэн зүйлээ дахин уншаад үзлээ. Аргаа барсан хүний л үйлдэл биз дээ. Үнэндээ “Тарааяаачуудын” өрийг өвтгөж өмөлзүүлэн уйлагнуулаад байхаар зүйл байхгүй шиг. Тун магадгүй ганц сарын өмнө “АНУС” гэж ирээд л Америкийг харааж зүхдэг байсан Мояа, Ояа нөхөд ямар ч хурдан зүсээ хувиргаад “Тараая аа” болчихдог юм. Ёстой ойлгомжгүй хэрнээ бас ойлгомжтой.
Дэлхий даяар дуулиан дэгдээгээд өнөө хэр шуугиан нь намжаагүй байгаа энэ үйл явдал цаашдаа улам ч сонирхолтой байдлаар өрнөх нь бололтой. Жирийн Америкчуудын 70 гаруй хувь нь Трамп болон Дэд ерөнхийлөгч Вэнс нарын үйлдлийг буруутгасан байр суурьтай байгаа тухай сонирхолтой санал асуулгын дүн гарсан байна. CNN бүр 92% гээд тодруулчихсан. Цөөнгүй газар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн дэгдсээр байгааг нүүр номын андууд уншиж сонсож байгаа буй за. Нью Жерси мужаас анх удаа сонгогдсон сенатч гэдгээрээ зартай Кори Бүүкер бээр бидний мэдэхээр Твиттер дээр тавьсан жиргээ нь дийлэнх америкчуудын сэтгэлийн торгон утсыг торхийтэл хөндөв бололтой. Нийгмийн сүлжээнд маш олон хандалтыг авч байна. Түүний гол санааг сийрүүлэн хөрвүүлбээс доорх мэт болой. Тухлан сонирхоно уу.
Америкчууд бид манай гаригийн хамгийн хүчирхэг гүрнийг цогцлоон байгуулж чадсан билээ. Сул дорой нэгэнд эр бяраа гайхуулж, зовж зүдсэн хүмүүсийг элэг барих нь манай үндэстний мөн чанар, бидний хүн чанар лугаа хавьтаж хамаатах зүйл огт бишийг өгүүлэх юун.
Тэр тусмаа гал усны гашуун зовлонг амсаж гаслан шаналалд нэрвэгдсэн хүмүүсийг элэглэн шоолж, бах таваа хангах нь бидний эрхэмлэдэг үнэн мөн лүгээ үл нийцэх бус уу?
Бид чинь цагтаа «Маршаллын төлөвлөгөөг» хэрэгжүүлж, Баруун Берлиний агаарын гүүрэн тээврийг амжилттай зохион байгуулж байсны сацуу «Ноён Горбачев аа, энэ ханаа буулга даа!» хэмээн хэлж чадаж байсан аугаа удирдагчийн үр хойчис гэдгийг ч санууштай.
Нүгэл хилэнцтэний өмнө толгой бөхийж тойго нугалах бус харгис бурангуй бүхэнтэй хайр найргүй тэмцэх үедээ л бидний хийморь зориг дэгжиж ирдэг байсан.
"Хамгаалагчийн татаас халааслахаар" санаархах бус үгээгүй доройд өмөг болж үнэн бодит байдлыг зоригтой хэлж чаддаг байх үедээ л бид өөрсдийн хамгийн сайн сайхан зан чанарыг илтгэн харуулсаар ирсэн түүхтэй.
Дональд Трамп, Ж.Д.Вэнс нар өнөөдөр хүч чадлыг бус, сул дорой чанараа харуулав. Тэд амьхандаа энэ цагийн ихэс эрийг доош хийх гэсэн биш гэдрэг харин өөрсдийн хэчнээн өчүүхэн амьтас болохыг олны нүднээ ил болгочихлоо.
Уг нь тэр хоёр ертөнцийн хүмүүсийн бишрэн дээдэлдэг эрхэм дээд алдар хүнд буюу Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл мань хоёр тэр эрхэм дээд алдар хүндийг шалан дээр унагаж шаварт хутгаж орхисныг яалтай билээ.
Уг нь тэдний өмнө ядарч туйлдсан дайчин эр сууж байсан юм. Хатуу хүтүү бүхнийг хангалтай амсаж, хэдэн арван мянгаар тоологдох анд нөхөр, амраг садан, дайчин эрсийн алтан амийг алдаж, харгис дарангуйлагчийн шударга бус, хууль бус түрэмгийллийн золиос болчхоод байгаа хөөрхий нэгэн л дээ.
Гэтэл өнөөдөр би тэр хоёрын төлөв байдлаас их гүрний удирдагчийн зангарга, уужуу талбиу ухааны цараа хийгээд дипломат ур чадвар гээч юу байдгийг үнэндээ олж харсангүй.
Харин ч эсрэгээрээ цол гуншин нь ахадсан «бага гарын овгорууд» (гангстерууд) мэт аашилж, өөрсдийн удирдаж байгаа улс орныхоо аугаа их түүх, арвин баялаг өв санг уландаа гишгэчхээгүй байгаа хэмээн бодож байв.
Өнөөдөр Дональд Трамп Америкийн Ерөнхийлөгч бус Оросын Путин шиг аашилж байсан даа.
Доржсүрэнгийн Болдбаатар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!