Уншиж байна ...

Украины ерөнхийлөгчийг “дарангуйлагч” гэж нэрлэснээ АНУ-ын ерөнхийлөгч эрс үгүйсгэв

Т.Давааням, ikon.mn
5 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр буюу Баасан гарагт ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар АНУ-д айлчлах гэж байна.

Өчигдөр Их Британийн ерөнхий сайд Кэир Стармертай уулзсаныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн хүлээж авах зочныхоо талаар магтаалын үгсийг харамгүй хэлжээ.

“Маргааш өглөө бидний уулзалт маш сайхан болно гэж би бодож байна. Үнэхээр найрсаг уулзалт болох болно. Би түүнийг маш их хүндэлдэг” гэж Трамп энэ үеэр сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бид тэдэнд маш багаж зэвсэг, маш их мөнгө өгсөн. Тэд ч маш зоригтой тулалдаж байгаа” гэж украинчуудыг магтжээ.

Хэдхэн хоногийн өмнө тэр Украины ерөнхийлөгчийг “дарангуйлагч” хэмээн цоллож байсан юм. Энэ талаар сэтгүүлчид асуухад Трамп “Би тэгж хэлсэн гэж үү? Би тэгж хэлсэндээ итгэж чадахгүй байна” гэж хариулжээ.

Трамп энэ үеэр бас Украины дайныг зогсоох гэрээ байгуулбал ОХУ-ын ерөнхийлөгч Путин үүнийг нь чанд сахиж чадна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.

Ердөө хэдхэн минутын өмнө Их Британийн ерөнхий сайд Стармер түүнд Оросын тал гэрээгээ зөрчдөг тул АНУ-ын аюулгүй байдлын баталгаа зайлшгүй шаардлагатайг анхааруулж байсан юм.

Их Британи, Франц улсууд энхийг сахиулах цэргийн хүчээ Украинд илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа. Гэхдээ тэд АНУ-ыг үүнд ямар нэг хэмжээгээр, тухайлбал агаарын хүчний дэмжлэг, эсвэл хиймэл дагуулын ажиглалт зэрэг аль нэг байдлаар оролцуулах хүсэлтэй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP