АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт хүйсээ солиулсан тамирчдыг эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглосон захирамж гаргалаа.
Захирамж гарсан даруйд хүчин төгөлдөр болох уг тушаал гол төлөв боловсролын салбарын үндсэн спортын төрлүүдэд хамааралтай аж.
Ерөнхийлөгчийн захирамжийн талаар Цагаан ордноос өгсөн албан ёсны тайлбарт уг тушаал нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ЛГБТ оюутнуудыг холбооны хуулиар хамгаална гэсэн Ж.Байдены засаг захиргааны үед баримталж ирсэн бодлогыг өөрчлөгдөнө гэдгийг тодотгосон.
Гэхдээ хүйсээ солиулсан тамирчид цаашид хэрхэх талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй юм.
Уг тушаалын дагуу АНУ-ын нутагт болох олон улсын тэмцээнд хүйсээ солиулсан тамирчид эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхөөс сэргийлэхийн тулд АНУ-ын засаг захиргаа арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.
Түүнчлэн ерөнхийлөгч Д.Трамп уг захирамжид 2028 онд Лос-Анжелес хотод болох олимпын наадам ч багтана гэж онцолсон.
Тэрбээр олимпод оролцохоор АНУ-д ирэх хүйсээ солиулсан тамирчдад виз олгохоос татгалзана гэж анхааруулжээ. Үүний дагуу Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн даргад "Эмэгтэй тамирчин хэмээн мэдүүлж, хилээр нэвтрэхийг оролдсон хүйсээ солиулсан хүмүүсийн визийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тусгай зааварчилгаа өгөхөөр төлөвлөж байна" гэв.
Д.Трамп уг захирамжид гарын үсэг зурахаасаа өмнө "Эмэгтэйчүүдийн спортын эсрэг дайн үүгээр дууслаа" гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!