Уншиж байна ...

Украины цохилтод өртсөн үйлдвэрийн дээр үүссэн “хийн үүл”-ээс айж түгшихгүй байхыг Оросын эрх баригчид анхааруулав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Астрахань мужийн нутагт оршдог байгалийн хийн томоохон үйлдвэр энэ долоо хоногийн эхээр Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн юм.

Энэ цохилтоос үүдэлтэй гэмтлийн улмаас тус байгууламж хөдөлгүүрийн түлш үйлдвэрлэлээ хэдэн сарын хугацаанд зогсоохоос өөр аргагүй болсныг салбарын эх сурвалжууд Мягмар гарагт мэдээлж байв.

Гэтэл өчигдөр өглөө үйлдвэрийн байгууламжийн дээр хийн өтгөн үүл бий болсон нь ойролцоох Астрахань хотын 475,000 оршин суугчийг айлгаж эхэлжээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Астрахань мужийн захирагч Игорь Бабушкин үүнийг үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх үйл ажиллагаатай холбоотой түр зуурын үзэгдэл тул айж түгшилгүй тайван байхыг иргэдэд анхааруулсан байна.

“Эрхэм ард иргэдээ, өнөөдөр өглөө манай хотыг байгалийн хийн үүл бүрхэж, боловсруулалтын дараа гардаг өвөрмөц үнэр мэдрэгдэх боллоо. Мэргэжилтнүүд сэргээн засварлах ажлыг хийж, өнөө өглөө үйлдвэрлэл эхэлсэн. Одоо асаах, тохируулах үйл явц, тэр дундаа бамбарыг асаах ажил явагдаж байна” гэж захирагч тайлбарлажээ.

Гэхдээ яг юуны үйлдвэрлэл эхэлж байгааг Бабушкин дэлгэрүүлж хэлээгүй юм.

Тэрбээр бамбар асаахад “гэрийн зуух шиг” хий ялгаруулдаг болохыг энэ үеэр тайлбарлажээ.

Цаг уурын мэргэжилтнүүд үүссэн үүл ойрын үед салхинд туугдаж, хотоос холдох төлөвтэйг тайлбарласан тухай захирагч бас мэдэгдэлдээ дурдсан байна.

“Ил задгай орчинд байгалийн хий тархахад аюул байхгүй. Ойрын үед агаарын урсгалд туугдаж, хэвийн болно. Үйлдвэрийн ажиллагаа хэвийн горимд орох хүртэл ойрын өдрүүдэд ийм нөхцөл байдал үргэлжилж болзошгүй тул айж түгшихгүй байхыг Астраханийн оршин суугчдад анхааруулж байна” гэж Бабушкин мэдэгджээ.

Иргэд сошиал орчинд захирагчийнхаа мэдэгдлийг элэглэн шоолсон, шүүмжилсэн агуулгатай сэтгэгдлүүд бичсээр байна.

“Та нар сонсов уу, байгалийн хий хоргүй гэж байна. Сайн амьсгалаад ав!”, “Үйлдвэрээс 60 км зайтай байдаг хотод ингэж үнэртэж байхад ойролцоох тосгонуудад юу болж байгаа бол?” гэх мэтээр тэд бичжээ.

Астраханийн байгалийн хийн үйлдвэр бол дэлхийн томоохон химийн цогцолборуудын нэг юм. 2024 онд тус үйлдвэр 1.8 сая тонн тогтвортой хийн конденсат боловсруулж, 800,000 тонн бензин, 600,000 тонн дизель түлш, 300,000 тонн мазут үйлдвэрлэснийг албаны тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters