Уншиж байна ...

Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод автобус бэлэглэж байсан Узбекистаны компани хамтран ажиллах саналаа илэрхийлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Узбекистан улсын "JV Samarkand Automobile Plant" компанийн автобус үйлдвэрлэлийн Гадаад худалдааны тэргүүн У.Амир, Самарканд автомашин үйлдвэрийн худалдааны төлөөлөгч Ш.М.Жахангер болон албаны бусад хүмүүс Улаанбаатар хотод иржээ.

Тус компанийн төлөөллүүд Нийтийн Тээврийн Бодлогын Газрын удирдлагуудад өөрсдийн үйлдвэрлэдэг автобус, автомашинаа танилцуулж, Монгол Улсын нийтийн тээврийн салбарын онцлогт тохирсон автобус нийлүүлэх боломжтойг онцлоод хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна.

"JV Samarkand Automobile Plant" компанийн LE60 ISUZU загварын автобус Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бөгөөд эвдрэл багатай, Монголын цаг агаарын эрс тэс нөхцөлд зохицсон, евро стандартаар хийгддэг, Япон хөдөлгүүртэй зэрэг олон давуу талтай аж.

2023 онд тус компаниас 56 хүний багтаамжтай, SAZ LE60 загварын хоёр автобусыг Улаанбаатар хотын Нийтийн Тээврийн Газарт бэлэглэж байв.

зураг
 

Самарканд хотын автомашины үйлдвэр нь 1999 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд автобус, ачааны машин үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлж, улмаар дэлхийн бусад оронд өөрийн үйлдвэрийн автобусыг нийлүүлэх зорилготой байна.