Уншиж байна ...

Везувийн галт уул дэлбэрэхэд шатаж, нүүрс болсон хуйлмал бичгийг дижитал аргаар “дэлгэжээ”

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тооллын өмнөх 79 онд Везувийн галт уул дэлбэрэх үеэр үнс нурманд булшлагдсан эртний Ромын Херкуланюм хотын балгаснаас судлаачид нүүрс болтлоо шатсан хуйлмал бичиг олныг олж байжээ.

2,000 гаруй жилийн өмнөх ийм олдвор дэндүү эмзэг тул дэлгэж унших боломжгүй байв.

Тэгвэл эрдэмтэд рентген туяаны зураглал, хиймэл оюуны технологийн тусламжтайгаар уг олдворыг хийсвэр байдлаар дэлгэж, бичгийг нь унших боломжтой болсноо өчигдөр мэдээлжээ.

Хуйлмал бичгийг бүрэн “дэлгэх”, дараа нь бичээсийг тайлж уншихад урт хугацаа орох ч эхний үр дүн эрдэмтдэд итгэл найдвар төрүүлж байгаа гэнэ.

“Бид одоо хуйлмал бичгийн агуулгыг бүрэн эхээр нь уншиж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Анх удаагаа бид ийм итгэлтэй хэлж чадаж байгаа нь энэ юм” гэж “Vesuvius Challenge” олон улсын төслийн захирал Стивен Парсонс хэлжээ.

Эхний ажлын дараа зарим үг үсгүүд нь танигдаж эхэлсэн бөгөөд философийн агуулгатай бичвэр гэж Парсонсын багийнхан үзэж байгаа гэнэ.

Херкуланюм хотын балгаснаас ийм шатсан хуйлмал бичиг хэдэн зуугаараа олдож байжээ. Папирус гэгддэг цаас хэлбэрийн нимгэн материалтай ийм бичгийн заримыг өмнө нь задлах гэж оролдсон ч хэсэг хэсгээрээ бутран унаж байсан юм.

Одоо Оксфордын Их сургуулийн Бодлейн номын санд унших боломжгүй хэд хэдэн ийм хуйлмал бичиг хадгалагдаж байгаа.

Харин технологийн хөгжил одоо тэдгээрийг дэлгэж унших боломж олгож байна.

Хуйлмал бичгийг тусгай хайрцагт тээвэрлэн Оксфордын номын сангаас Diamond Light Source байгууллагын байранд хүргэжээ.

Энэ байгууллагын зохион бүтээсэн “synchrotron” хэмээх аварга том машин дотор нь байрлах хуйлмал бичгийг гэмтээлгүйгээр бараг гэрлийн хурдтай электронуудаар бөмбөгдсөн байна.

Ингэж “сканердсан” материалаа гурван хэмжээст орчинд хувиргаж дэлгэхэд 10 метр орчим урт папирус болжээ.

зураг
 

Үүний дараа папирусны гадаргаас бэхний мөрийг ялгаж таних чадвартай хиймэл оюуны системээр бичгийг уншуулж эхэлсэн байна.

“Хуйлмал папирус дүүрэн бичигтэй байгааг бид баталгаатай хэлж чадна. Одоо бид үүнийг илүү тодорхой харуулахаар ажиллаж байна” гэж Парсонс тайлбарлажээ.

Өнгөрсөн онд түүний төслийн баг өөр нэг хуйлмал бичгийн таван хувийг уншиж чадсан юм.

Үүнд өдөр тутмын амьдралаас таашаал авах замаар зорилгодоо хүрэхийг сургадаг эртний Грекийн Эпикурийн философийн номлол бичигдсэн байжээ.

Энэ удаа дижитал аргаар “дэлгэсэн” бичиг ч бас ижил агуулгатай байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC