Лондон хотоос хоёр дахин том хэмжээтэй дэлхийн хамгийн том мөсөн уул алс холын нэгэн арлыг чиглэн хөвж, уг арлын оршин суугчид болох оцон шувууд, далайн хавнуудад аюул учруулж болзошгүй байгааг судлаачид мэдээлжээ.
Антарктид тивээс салсан мөсөн уул Атлантын далайн Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж байгаа юм байна.
Хиймэл дагуулаас авсан зургаас харахад энэхүү мөсөн уул бусад шигээ олон жижиг хэсэг болон хуваагдалгүй, бүхлээрээ далайд хөвж байгааг Британийн Антарктидын Судалгааны физикч Эндрью Мэйжерс мэдээлжээ.
Урьдчилан таахад хэцүү ч одоогийн далайн урсгалыг тооцоолоход мөсөн уул хоёроос дөрвөн долоо хоногийн дотор Өмнөд Жоржиа аралд хүрэх магадлалтай болсон гэнэ.
Өмнөд Жоржиа арал нь Фолклэндийн арлуудаас зүүн зүгт 1,400 км зайд оршдог Британийн газар нутаг юм байна.
Аз таарвал мөсөн уул аралтай мөргөлдөлгүй зөрж, далайн задгай хэсэгт шилжиж магадгүй. Эсвэл замдаа далайн хадан цохионд гацаж олон сар саатахдаа хэдэн хэсэг болон хуваагдах боломжтойг Мэйжерс тайлбарлажээ.
“Өмнө нь өөр мөсөн уулууд арлыг мөргөхөд оцон шувууны дэгдээхэйнүүд, далайн хавны гөлөгнүүд олноороо үхэж үрэгдэж байсан” гэж тэр ярьсан байна.
1986 онд Антарктидын эргээс салсан 3,500 хавтгай дөрвөлжин километр талбайтай A23 мөсөн уул нь дэлхийн хамгийн том, хамгийн урт настай мөсөн уул ажээ.
30 жил нэг газарт гацсаныхаа дараа энэ мөсөн уул 2020 оноос хойш хойд зүгийг чиглэн алгуур хөвж байгаа юм байна.
2023 онд судалгааны ажлаар явж байхдаа энэ мөсөн уултай анх таарсан Мэйжерс “40-50 метрийн өндөртэй, зах нь харагдахгүй асар том цагаан хадан цохио” гэж тодорхойлж байжээ.
“Энэ бол асар том цагаан хана хэрэм. Game of Thrones цувралыг санагдуулам. Хэзээ ч дуусахгүй үргэлжлэх юм шиг сэтгэгдэл төрүүлдэг” гэж тэр ярьж байв.
Мөсөн уул арлыг мөргөвөл өмнөд эргийг нь битүү хүрээлж, арал дээр амьдардаг амьтдын далайн уснаас хоол тэжээл олж авах чадварыг нэлээд бууруулах юм байна.
Амьтад далайн усанд хүрэхийн тулд илүү хол зам туулж, хүч гаргах хэрэгтэй болох бөгөөд үр төл нь ийм урт аяныг тэсвэрлэж чадахгүй гэж судлаачид үзэж байна.
Мөсөн уул бол байгалийн хэвийн үзэгдэл мөн ч уур амьсгалын өөрчлөлт тэдгээрийн Антарктид тивээс салах хурдыг улам эрчимжүүлээд байгааг Мэйжерс тайлбарлажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!