Бямба гарагт Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улсын төв хэсэгт шатахуун тээвэрлэгч автомашин осолдож, дэлбэрэх үеэр асгарсан шатахуунаас авахаар цугларсан 70 хүн амиа алджээ.
60,000 литр шатахуун тээвэрлэж явсан автомашин өглөөний 10 цагийн үед нийслэл Абужа хотыг хойд бүсийн Кадуна хоттой холбодог замын уулзвар дээр онхолдсон тухай Нигерийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба мэдээлсэн байна.
Онхолдсон автомашинаас асгарсан шатахууныг савлаж авахаар олон хүн цуглаад байх үед дэлбэрэлт болжээ.
“Ихэнх хохирогчид танигдахын аргагүй болтлоо шатсан. Бид ослын газрыг цэвэрлэж байна” гэж орон нутгийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Кумар Цуквам мэдээлсэн байна.
2023 онд ерөнхийлөгч Бола Тинубу засгийн газраас түлш шатахуунд олгодог татаасыг цуцалсны улмаас Нигерид бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ард иргэдийн дунд ядуурал улам нэмэгдээд байгаа.
Сүүлийн 18 сарын хугацаанд бензиний үнэ тав дахин нэмэгдсэн юм. Тиймээс дээрхтэй ижил осол гарах үед асгарсан шатахуунаас савлаж авахын тулд хүмүүс амиа хайрлалгүй тэмцэлддэг болжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Нигерийн хойд бүс нутагт яг үүнтэй ижил осол гарахад 170 гаруй хүн амиа алдаж байв.
Нигери өөрөө газрын тосны томоохон олборлогч улс боловч төмөр замын дэд бүтэц хөгжөөгүй тул тээвэрлэлтээ автомашинаар голдуу гүйцэтгэдэг. Үүн дээр нэмээд авто замын чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт муугаас болоод осол байнга гардаг байна.
Албаны тоо баримтаас үзвэл 2020 онд тус улсад нийт 1,531 шатахуун тээвэрлэгч осолдсоны улмаас 535 хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!