Дундад зууны Испанийн байлдан дагуулагч Франциско Пизаррогийн хөшөөг өчигдөр Перу улсын нийслэл Лима хотын төвд босгожээ.
Энэ нь тус хот үүсгэн байгуулагдсаны 490 жилийн ойд зориулсан арга хэмжээний нэг хэсэг байв. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Пизаррогийн хөшөөг буулгаж байсан бол өнөөдөр дахин Лима хотын төвд сүндэрлэж байна.
Пизарро 1535 онд Инкагийн эзэнт улсыг бут ниргэж, газар нутгийг нь Испанийн хааны захиргаанд нэгтгэхдээ Лима хотыг байгуулж байжээ.
Перу улсын нутгийн уугуул иргэдийн удирдагчид Пизаррог соёл иргэншлийг нь устгасан алуурчин гэж үздэг. Харин Пизаррогийн хөшөөг босгохыг дэмжигчид Перу улсын бодит түүхийг өөрчлөх боломжгүй гэж үздэг байна.
Байлдан дагуулагчийн морь унаж, сэлмээ сугалсан дүрслэлтэй хөшөөг Америкийн барималч Чарльз Рамси бүтээснийг 1935 онд Лима хотын 400 жилийн ойгоор босгож байжээ.
2003 онд иргэдийн шахалтаар хөшөөг хотын төвөөс буулгаж, хотын гадна төмөр замын дэргэд оршдог цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлсэн юм.
Хүрэл хөшөөг Плаза де Армас талбайд шилжүүлэн байрлуулах арга хэмжээнд Лима хотын захирагч Рафаэл Лопез Алиага, Мадридын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Изабел Диаз Аюусо болон Пизаррогийн удам угсааны хэд хэдэн хүн оролцсон байна.
Энэ үеэр талбайн ойролцоо хөшөөг сэргээн босгохыг эсэргүүцсэн хэсэг хүмүүс цуглаан зохион байгуулжээ.
“Энэ бол Перу төдийгүй нийт Латин Америк болон дэлхийн уугуул ард иргэдийг доромжилсон явдал” гэж тэдний нэг хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!