Уншиж байна ...

Трамп амлалт өгсний дараа ТикТок үйлчилгээг АНУ-ын зах зээлд буцаан сэргээлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын компанийн эзэмшдэг ТикТок сошиал платформ Бямба гарагийн орой АНУ-ын зах зээлд үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон юм.

Энэ нь АНУ-ын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр уг платформыг өөрийн зах зээлд хаах хуулийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан нь хэрэгжиж эхлэх болсонтой холбоотой байв. Өөрөөр хэлбэл америкчуудын хувийн мэдээллийг Хятадын эрх баригчидтай хуваалцдаг гэж ТикТокийг сэжиглэж байгаа.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп өмнө нь ТикТокыг хаахыг дэмжиж байсан юм. Харин өчигдөр буюу Ням гарагт тэр ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа ТикТокийг хаах хугацааг хойшлуулах захирамж гаргахаа амлажээ.

Трампын энэ амлалтын дараа ТикТок платформ АНУ-ын 170 сая хэрэглэгчдэдээ дахин нээгдсэн байна.

“Би компаниудаас ТикТокийг хаахгүй байхыг хүсэж байна. Даваа гарагт би хууль үйлчилж эхлэхээс өмнө хугацааг сунгах захирамж гаргана. Үүний дараа бид манай үндэсний аюулгүй байдлыг хамгаалж чадах гэрээг байгуулах болно” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ.

ТикТок компанийн гүйцэтгэх захирал Шу Чью өнөөдөр Трампын тангараг өргөх ёслолд оролцох төлөвтэй байгаа.

АНУ-ын эрх баригчид Хятадын эзэмшигч нь Америкийн компанид ТикТокийг зарахгүй бол үйлчилгээг нь өөрийн зах зээлд хаах нөхцөлтэй хуулийг баталж байсан юм. ТикТок компани үүнийг нь эсэргүүцэж АНУ-ын дээд шүүхэд давж заалдаад байв.

Баасан гарагт дээд шүүх хуулийг дэмжсэнээр энэ долоо хоногоос хэрэгжих боломжтой болжээ.

ТикТок компанийг Хятадын Bytedance компани эзэмшдэг. Тус компани одоо болтол ТикТокийг зарахаас татгалзаж байгаа.

Өнгөрсөн сонгуулийн үеэр кампанит ажлын видео сурталчилгаа нь ТикТок платформ дээр залуу сонгогчдод сайн хүрсэн нь Трампын байр суурь өөрчлөгдөх шалтгаан болсон бололтой.

Гэхдээ Бүгд Найрамдахчууд дотор Трамптай санал зөрөлдөж буй хүмүүс байна.

Тухайлбал Арканзас мужийг сенатад төлөөлдөг Бүгд Найрамдах намын Том Коттон “Коммунистуудын хяналтад байдаг ТикТокийг үйлчилгээг дэмжсэн, дамжуулсан ямар ч компани хууль зөрчиж буй тул олон зуун тэрбум долларын шийтгэл хүлээх болно” гэж сошиал хуудсандаа анхааруулан бичжээ.

Гэхдээ Трампын захирамж хуулийн хэрэгжилтийг зогсоож чадах эсэх нь бас маргаантай байна. Хэрвээ Трамп захирамжаа гаргавал энэ маргаан шүүхээр шийдэгдэж магадгүй юм.

 

Эх сурвалж: BBC