Уншиж байна ...
Зураг
Зураг

60 насыг орчин үеийн 40 нас гэж үздэг тэрбумтан Марк Кюбаны залуу хэвээр байх гурван зарчим

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Саяхан Amazon, Apple TV платформуудаар цацагдаж эхэлсэн хөгшрөлтийн эсрэг шинжлэх ухааны тухай “Longevity Hackers” баримтат кинонд “Shark Tank” шоуны шүүгчдийн нэг, тэрбумтан Марк Кюбан оролцжээ.

Одоо 66 настай тэрбээр “60-аад нас орчин үеийн 40-өөд нас” болсныг хэлээд “Залуу харагддаг, бие бялдар сайтай, хийдэг зүйл нь хязгаарлагддаггүй миний үеийн олон хүн бий болсныг та нар харж байгаа байх” гэж ярьсан байна.

Зарим тэрбумтнууд залуу байхын тулд олон саяыг өөртөө зарцуулдаг бол Кюбан маш энгийн хэдэн зарчим баримталдгаа энэ үеэр хуваалцжээ.

 

  • Аль болох их алхах

Кюбаны хувьд эрүүл өтлөхөд шаардлагатай гол зүйл нь дасгал хөдөлгөөн гэнэ.

“Би одоо 10-15 жилийн өмнөхөөсөө илүү их дасгал хийдэг болсон. Учир нь миний биед хөдөлгөөн улам бүр чухал болж байгаа” гэж тэр ярьжээ.

Кюбан одоо өдөрт 45-90 минутыг дасгалд зориулдаг бөгөөд үүнд кардио төрлийн дасгалууд багтдаг юм байна.

Тэр бас боломж л олдвол алхаж байхыг зөвлөжээ. Тухайлбал “Shark Tank” шоуны өмнөх дугааруудад оролцохдоо тэр алхах боломж бүрийг ашигладаг байснаа ярьсан байна.

“Зураг авалтын талбай 500 метрийн зайд байсан тул бүгд л унаагаар зорчдог байсан. Харин би энэ боломжийг ашиглан өдөр бүр нийтдээ 3 км гаруй зайд алхчихдаг байлаа” гэж Кюбан дурсжээ.

 

  • Тэр цагаан хоолтон

Кюбан 2019 оноос эхлэн махнаас гарч, цагаан хоолтон болжээ.

“Хөгшрөх тусам хүний биед шим тэжээл чухал болдог тул хоол хүнс нь эмтэй адилхан үүрэгтэй болдог” гэж тэр хэлж байна.

Ногоо, бүхэл үр, самар, шош зэрэг шим тэжээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн ургамлын гаралтай хоолны дэглэм урт насалж, архаг өвчин хуучгүй байх гол хүчин зүйл гэж тэр үздэг гэнэ.

“Идэж буй зүйл маань миний бие махбодын бүх үйл ажиллагааг үнэхээр өөрчилж чаддаг” гэж Кюбан хэлжээ.

Тэрбээр энэ чиглэлд судалгаа явуулдаг хүнсний олон компанид хөрөнгө оруулсан юм.

Харин сул тал нь гадуур хооллох, янз бүрийн хүлээн авалт, арга хэмжээнүүдэд оролцоход бага зэрэг хүндрэл гардгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

“Би цагаан хоолтон байхдаа дуртай. Гэхдээ найзуудтайгаа стэйкний ресторанд ороход жаахан хүндрэл гардаг” гэж тэр ярьсан юм.

 

  • Витамин D болон мелатонин хэрэглэх

Эрүүл хооллохын хажуугаар үрэвсэл дарж, нойроо чанаржуулахын тулд нэмэлт амин дэм хэрэглэдгээ Кюбан ярьжээ.

Тухайлбал тэр эрүүл өтлөлтөд чухал үүрэгтэй D, E амин дэмүүдийг нэмж хэрэглэдэг, бас нойрны чанараа хадгалж, биологийн цагаа зохицуулахын тулд хүний биеэс ялгарч байдаг байгалийн гаралтай даавар мелатониныг нэмэлтээр хэрэглэдгээ дэлгэсэн байна.

“Миний хувьд өтлөлт бол тооноос үл хамааран өөрийнхөөрөө байх явдал юм” гэж Кюбан эцэст нь дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider