Аргентин улс эдийн засгийн хямралаас гарах шинж ажиглагдаж эхэлсэн нь сүүлийн нэг жил орчим хугацаанд либертар ерөнхийлөгч Хавьер Милейн явуулсан хатуу бодлогын үр дүн гэж ажиглагчид үзэж байна.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны долдугаар сараас есдүгээр сарын хугацаанд өмнөх гурван улиралтай харьцуулахад 3.9 хувиар өссөн тухай Даваа гарагт статистикийн албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын өсөлт үүнд голлон нөлөөлжээ. Бас энэ улиралд хэрэглээний зардал хүчтэй өссөн байна. Харин үйлдвэрлэл, барилгын салбар огцом урууджээ.
Жилийн өмнө Милей олон жил уналтын байдалд байсан Аргентины эдийн засгийг сэргээх амлалттай ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Тэрбээр төсвийн зардлыг танаж, тэнгэрт тулсан инфляцыг бууруулж, улсынхаа санхүүг эрүүлжүүлэх арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд авсан юм. Гэвч эдгээрийн үр дүнд ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн.
Хавьер Милей үүнийг түр зуурын зовлон тул тэсэж гарахыг Аргентины иргэдэд уриалж байлаа.
Даваа гарагт Аргентины хамгийн том хорь гаруй компанийг багтаадаг Merval хөрөнгийн зах зээлийн индекс долоон хувиар өссөн нь дээрх сайн мэдээтэй холбоотой байв.
Энэ оны турш уг индекс 174 хувиар өссөн нь Милейн бодлогын үр дүн байсан юм.
Милейг ерөнхийлөгч болоход буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аргентины инфляцын хэмжээ 211 хувьд хүрч байжээ. Энэ нь өмнөх засгийн газар төсвөө санхүүжүүлэхийн тулд бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлэсэнтэй холбоотой гэгдэж байв.
Харин өнөөдөр тус улсын хамгийн том зээл олгогч Олон Улсын Валютын Сан (ОУВС) эдийн засгийн төлөв байдлыг “төсөөлж байснаас сайн” гэж үнэлжээ.
2018 онд Аргентиныг аврах санхүүгийн тусламж үзүүлж байсан ОУВС энэ онд тус улсын эдийн засаг 3.5 хувиар агших төлөвтэй байгаа ч ирэх онд 5 хувиар өсөх тооцоо гаргасан байна.
Одоо мэргэжилтнүүд Милейг валютын урсгалын хяналтыг сулруулах замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, доллартой уясан валютын ханшийг чөлөөлбөл илүү сайн үр дүн гарна гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!