Ирландын холимог тулаанч Конор МакГрегор Энэтхэгт болох үзүүлэх тоглолтод оролцохоор болсноо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Түүнд Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани АНУ-ын сошиал од Логан Полтой боксоор тулалдах санал тавьсан юм.
К.МакГрегорыг холимог тулааны аварга Илия Топуриятай тулалдахаар болсон гэх цуурхлыг үгүйсгэсэн байна. Тэрбээр боксоор үзүүлэх тоглолтод оролцсоныхоо дараа октагонд эргэн ирэхээр төлөвлөжээ.
И.Топурия ч энэ цуурхлыг эрс үгүйсгэсэн.
"Энэ бол худлаа мэдээлэл. Би хүчирхийлэгчтэй тулалдах сонирхолгүй байна" гэж гүрж гаралтай испани залуу ярьжээ.
К.МакГрегорыг нэгэн эмэгтэй 2018 оны арванхоёрдугаар сард Ирландын Дублин хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өөрийг нь хүчирхийлсэн гэж иргэний шүүхэд гомдол гаргасан юм.
Шүүхээс К.МакГрегорыг буруутай гэж үзсэн тул хохирогчид 257,000 ам.доллар олгох шийдвэр гарсан билээ.
Энэ жил 36 настай ирланд тулаанч хамгийн сүүлд 2021 оны долдугаар сард Дастин Порьетой тулалдсанаас хойш албан ёсны тулаан хийгээгүй. Тэрбээр UFC 303-т Майкл Чандлертай тулалдахаар тохирсон ч гэмтлийн улмаас цуцлагдсан юм.
Логан Полын хувьд өмнө нь мэргэжлийн боксчин Флойд Мэйвейдертэй үзүүлэх тулаан хийж байв. Түүний төрсөн дүү Жэйк Пол өнгөрсөн сард 58 настай мэргэжлийн боксчин асан Майк Тайсоныг ялсан. Энэ тулааныг Нетфликс сувгаар шууд дамжуулсан бөгөөд 60 сая өрх шууд үзсэн юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!