Уншиж байна ...
Зураг
Зураг

Сирийн нийслэлээс холгүй газраас 100,000 гаруй хүнийг бөөнөөр оршуулсан булш илэрчээ

Т.Давааням, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй газраас Ассадын дэглэмийн үед алагдсан 100,000 гаруй хүнийг бөөнөөр оршуулсан булш илэрчээ.

Нийслэл хотоос хойд зүгт 40 км орчим зайд оршдог Аль Кутайфа хэмээх газраас илэрсэн энэ булшийг одоогоор мэдэгдэж байгаа тав дахь ийм олдвор болохыг Syria Emergency Task Force хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Муаз Мустафа баталсан байна.

“Зуун мянга бол хамгийн багаар гаргасан тооцоо юм. Бараг нуун дарагдуулах зорилгоор гаргасан тоо гэхэд болно” гэж тэр хэлжээ.

Мустафа ийм булшны тоо таваар тогтохгүй бөгөөд булагдсан цогцсууд дотор гадаадын иргэдийн цогцос байгаа гэдэгт итгэлтэй байна.

2011 онд Ассадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан иргэний дайн болон өргөжсөн юм. Тэр үеэс хойш Сирийн хэдэн зуун мянган иргэн амиа алдсан гэж үздэг.

Ассадын дэглэмийг сөрөг хүчнийхнийг эрүүдэн тамлаж, шүүхийн тогтоолгүйгээр цаазалж байсан гэж хүний эрхийн байгууллагууд үздэг юм.

НҮБ дахь Сирийн элч Куссай Алдахакаас илэрсэн булшны талаар тодруулахад хариулахаас зайлсхийсэн байна.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард буюу Ассадыг засгийн эрхэнд байх үед уг албан тушаалд томилогдсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Алдахак сэтгүүлчидтэй уулзахдаа шинэ засгийн газраас зааварчилгаа хүлээж байгаа бөгөөд “Сирийн ард түмний төлөө үргэлжлүүлэн ажиллана” гэж мэдэгдэж байв.

Бөөнөөр оршуулсан булшийг ухахад аль болох олон цогцос багтаахын тулд дээр дээрээс нь давхарлан шахсан байжээ.

Ассадын дэглэмийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд нотлох баримт болгон ашиглах зорилгоор булшийг хамгаалалтад авснаа Мустафа мэдэгдсэн байна. Бас түүний баг даваанцогцсуудыг булшлах үйл явцад оролцсон гэрчүүдийг олохоор ажиллаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters