Уншиж байна ...
Зураг
Зураг

Оросын эрх баригчид алагдсан генералын өшөөг авахаа Украинд анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины дайнд химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгагдаж байсан Оросын генерал өчигдөр өглөө Москва хотод алагдсан билээ.

ОХУ-ын цөм, биологи, химийн зэвсэгт хүчний командлагч, дэслэгч генерал Игорь Кириллов туслахын хамт орон сууцнаас гарч явахдаа цахилгаан скүүтерт нуусан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртсөн юм.

Уг халдлагыг Украины аюулаас хамгаалах алба (СБУ) зохион байгуулснаа хүлээжээ.

54 настай Кириллов нь Оросын нутаг дэвсгэрт Украины тусгай албадын зохион байгуулсан халдлагын хохирогчдоос хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

зураг
 

Оросын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев генералын өшөөг украинчуудаас авах нь гарцаагүй болохыг анхааруулжээ.

“Дайнд ялагдах нь зайлшгүй болсныг ухаарсан тэд амар амгалан хотуудад жигшмээр халдлага үйлдэж эхэллээ” гэж тэр хэлсэн байна.

Сошиал ертөнцөд тарсан гэрэл зурагт орцны эвдэрсэн хаалга, харласан тоосгон хана, гялгар уутаар бүтээсэн хоёр цогцос харагдаж байгаа юм.

зураг
 

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова алагдсан генералыг Өрнөдийн химийн зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүдийг илчилж, эх орныхоо төлөө “аймшиггүй зоригтой” зүтгэсэн баатар хэмээн өргөмжилжээ.

Кирилловыг алагдахын өмнөх өдөр Украины прокурорууд түүнийг дайны талбарт хориотой химийн зэвсэг ашигласан хэрэгт албан ёсоор буруутгасан юм.

Генералын гэрэл зураг Украины дайны гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн сан “Миротворец” сайтад байрлаж байсан нь өчигдөр “устгагдсан” төлөвт шилжжээ.

 

Эх сурвалж: Reuters