"Тувагийн ард түмний хувь тавилан, туулж ирсэн замналыг монголчуудаас салгахын аргагүй"
Шинжлэх Ухааны Академийн Олон улсын судлалын хүрээлэн, Ойрад монгол судлалын хүрээлэн ТББ хамтран "Монгол ба Тува: Түүх орчин үеийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш нар, Тува Улсын Засгийн газрын дэргэдэх Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаачид болон Ойрад монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэд оролцлоо.
Тува ястны сүүлийн 300 жилийн түүхийн талаар Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дэд профессор, түүхч На.Сүхбаатар "Тувачууд эртний Түрэгийн найман аймгийн холбооны бүрэлдэхүүнд байсан угсаатан. Харин түүхийн хугацаандаа монголчуудтай ойрхон нүүдэллэж, хамт аж төрж ирсэн. Энэ утгаараа Монгол үндэстний нэг хэсэг ард түмэн юм.
Одоогоор бид сүүлийн 300 жилийн түүхийг ярьж байгаа. Урьд нь Хотгойдын Алтан хааны мэдэлд хэсэг хугацаанд байсан. 1667 оноос Зүүн гарын хаант улсын мэдэлд шууд орсон. 1717-1911 он хүртэл Манж чин улсын эрхшээлд байв. Улмаар 1912 онд Манж чин улсаас тусгаарлаж гарсан. Тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн хүчин зүйлээс хамаарч Оросууд болон Монголчууд өөрийн харьяанд оруулахыг хүсэж байлаа.
Гэхдээ 1910-аад оны үед Тувачууд дотроо хуваагдмал байдалтай байсан аж. Энэ бүхний үр дүнд 1921 онд бие даасан Бүгд Найрамдах Тува Ард Улс гэж байгуулагдсан. Тува улсын тусгаар тогтнолыг БНМАУ, ЗХУ хүлээн зөвшөөрсөн. Гэвч 1944 онд ЗХУ-ын мэдэлд автономит эрхтэйгээр шилжсэн. 1992 онд ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу автономит эрхээ өргөжүүлээд Бүгд Найрамдах Тува Улс болсон.
Үндсэндээ ОХУ дотор буй 80 гаруй субъектийн нэг юм. Одоогоор бие даасан хууль, төрийн далбаатай, 300,000 гаруй хүн амтайгаар оршин тогтнож байгаа. Тува түмний түүх, соёл монголчуудтай маш ижилхэн. Бидэнтэй нэг дор оршин тогтнож байсан учраас соёл, улс төр, эдийн засгийн харилцаа сайн байсан" гэв.
"Өөлдийн хошууны ноёд Тувагийн баруун бүсийн Хэмчигийн хошууг Богд хаант улсын үе хүртэл захирч, албан татвар авдаг байжээ"
Мөн тэрбээр "Түүхийн судалгаа баримтад тулгуурлаж явагддаг. 17 дугаар зууны үеийн Оросын сурвалж бичиг дээр Тува түмний тухай баримт гарч ирсэн. Үүнээс өмнөх 15, 16 дугаар зууны үеийн түүхийн баримт байхгүй.
1610-аад оноос эхэлж Оросын түүхийн баримт бичигт Сибирийн өмнөд бүс нутаг, Енисей мөрний сав дагуух ард түмний түүх, соёл, хэнд харьяалагддаг талаар дурдагдсан байна. Оросуудын хувьд дээрх бүс нутагт оршиж буй ард түмнээс татвар авахыг оролдсон. Гэтэл тэд Халх Монголын Хотгойдын Шолой убаши ноён, Дөрвөн Ойрадын Цорос овгийн ноёдод захирагдаж, татвар төлж байсан түүхтэй.
Ер нь Тувагийн нутгийг гурван талаас булаацалддаг байсан аж. 1667 онд Зүүн гарын хаант улсын Сэнгэ хунтайж Сибирийн өмнөд бүс нутаг, Енисейн бүс нутагт томоохон цэргийн үйл ажиллагаа явуулж, Хотгойдын гуравдугаар Алтан хаан Лувсанренчинийг доройтуулсан. Ийнхүү Тувагийн бүс нутаг бараг Зүүн гар улсын харьяанд орсон байна.
Манж чин улс Тува түмнийг хоёр хэсэгт хуваасан гэж үздэг. Хотгойдын Бүүвэй бэйлийн удмынханд нэг хэсгийг буюу дөрвөн хошууг нь захируулжээ. Харин хүн ам олноор суурьшсан томоохон нэг хошуу нь Галдан бошигтыг дагаж яваад Манж чин улсад дагаар орсон Дугарравдангийн хойдост захирагдсан.
Дугарравдангийн хойдос тухайн үеийн Сайн ноён аймгийн нутагт шилжин суурьшсан бөгөөд одоогийн Архангай аймгийн Өлзийт сум буюу Өөлдийн бэйсийн хошуу юм. Энэхүү Өөлдийн хошууны ноёд Тувагийн баруун бүсийн Хэмчигийн хошууг Богд хаант улсын үе хүртэл захирч, албан татвар авдаг байжээ.
Тува бүх цаг үеийн түүхэндээ Монголоос огт салаагүй ард түмэн. 1944 он хүртэл монгол бичгээр сонин хэвлэж, төрийн бодлогоо илэрхийлж байлаа. Харин 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, монгол бичгээ орос бичиг болгосон. 1921-1944 онд Бүгд Найрамдах Тува Ард Улс байх үедээ БНМАУ-тай хил тогтоон, анхны үндсэн хуулиа баталж, Засгийн газар хоорондоо хэлэлцээр хийж байсан.
ОХУ-ын харьяанд буй Тувачууд бол одоо ч гэсэн сэтгэл оюун, соёлоороо монголчуудтай ижилхэн гэж үздэг. Манай хоёр ард түмэн нэгнийгээ санан дурсаж, өгүүлээсэй гэж хүсдэг. Шинэ үеийн залуучууд хилийн гаднах Монгол угсаатнуудынхаа түүхийг зөв ойлгож, хоорондоо ямар холбоотой байсан талаар өргөн мэдлэгтэй болоосой.
Түүхийн туршид улс төрийн шалтгаанаар өөрчлөлт явагдсан байж болох ч бид эергээр харж, зөв ойлгох ёстой. Тувагийн хувь тавилан, туулж ирсэн замналыг монголчуудаас салгахын аргагүй. Бид нэг ард түмэн учраас чөлөөтэй зорчиж, худ ураг бололцож байсан сайхан түүх бий" гэв.
"Монгол, Тува хүмүүс нэг шашин, аж ахуйтай нэг үндэстэн. Тиймээс ямар нэгэн маргаантай асуудлуудаа орхиод ирээдүйд хамтдаа сайхан хөгжих хэрэгтэй"
Мөн тус эрдэм шинжилгээний хуралд Тува Улсын Засгийн газрын дэргэдэх Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Түүхийн салбарын эрхлэгч Самдан Аяна оролцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "20 дугаар зууны эхэн үе маш хэцүү байсан. Хятадад хувьсгал гарч, монголчууд Туваг засаг захиргаандаа оруулах хүсэлтэй байлаа. Гэвч Орос талаас маш хүчтэй бодлого баримталсан.
Манай улсын архивын бичгээс харвал аль нэг улсын талд орохгүй, хаант улс байгуулахаар талаар амбан ноён маань Орос захирагчтай ярилцсан. 1910-аад оны үед бид тусгаар улс байгуулах гэсэн болов ч Тувагийн ноёд санал нэгдэж чадаагүй. Гурван хошууны ноёд нэг шашинтай учраас Монгол тал руу орно гэсэн. Харин зарим нь Оросыг илүүд үзэж байв.
Энэ үед бид хангалттай хүчирхэг байж чадаагүй. Орос эрдэмтэд манай улсын хүн амыг тоолж, байгалийн баялгийг тооцож үзсэнээр өөрийн бодлогоо хэрэгжүүлсэн. Одоогоор Бүгд найрамдах Тува Улс 315 мянган хүн амтай болсон бөгөөд 205 мянган нь тувачууд юм.
Газар нутгийн хувьд Саян, Тагна нууруудаар хил хязгаараа тогтоосон. Монгол, Тува хүмүүс нэг шашин, аж ахуйтай нэг үндэстэн. Тиймээс ямар нэгэн маргаантай асуудлуудаа орхиод ирээдүйд хамтдаа сайхан хөгжих хэрэгтэй" хэмээн ярилаа.
"Уурхай баялгийн охь болсон нутаг учраас анхаарлаа салгаж болохгүй гэх гол зөвлөмжийг өгсөн"
1912 онд Тагна Тува буюу Урианхайн хязгаарт манж-хятадыг эсэргүүцсэн бослого гарч тэднээс ангижирч чаджээ. Үүний дараа Урианхайн ноёд, язгууртан, худалдаачид Хаант Оросыг дагах, Богд хаант Монгол улсыг дагах гэсэн хоёр хэсэг болж тэмцэж байсан аж. Яг энэ мөчид Оросууд бодит нөхцөл байдлыг тандах, турших зорилгоор нэрт зохиолч, археологич С.Р.Минцловт нууц даалгавар өгч, Тагна Тувагийн бүс нутаг руу илгээжээ.
С.Р.Минцлов Оросын шилжүүлэн суурьшуулах газрын захиргааны нууц томилолтоор Урианхайн хязгаарын нутаг орныг нягтлан ажиглах, судлах даалгавартайгаар 1914 оны дөрөвдүгээр сараас намар хүртэл аялсан. Тэрбээр аян замын тэмдэглэл, тайлангаа 1915 онд танилцуулж, археологийн хувиар олсон, судалсан, илрүүлсэн материалаа "Урианхайн хязгаар дахь эртний дурсгалууд" гэсэн нэртэйгээр хэвлүүлсэн байна.
Энэхүү бүтээлийг МУБИС-ийн Ойрад судлалын хүрээлэнгийн эрдэмтэд орчуулж, өчигдрийн эрдэм шинжилгээний хуралд С.Р.Минцлов "Нууц даалгавар" (Урианхай руу хийсэн аялал) нэртэй номын нээлтийг хийсэн.
Оросын археологич Тагна Тувагийн талаар юу бичсэн талаар МУБИС-ийн профессор Ц.Гантулга мэдээлэл өглөө. Тэрбээр "19 дугаар зууны дунд үеэс эхэлж, Хаант Оросын эзэн хааны дэргэдэх Газарзүйн Нийгэмлэг гэх тусгай байгууллага дорно зүг рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн.
Эзэн хааны санхүүжилтээр маш олон чиглэлд тусгай мэргэжилтнүүдийг Ази руу илгээж, судлуулсан. Үүний нэгд монголчуудын уугуул нутаг багтаж байв. Өргөн хүрээтэй судалгааны үр дүнд Монголын бүс нутгийн байгаль цаг уур, хүн ам, үндэс угсаа, шашин шүтлэг, хэл соёл, засаг захиргааг сайн судлагдсан.
Түүний бичсэнээр Тагна Тувагийн бүс нутаг Оросуудын арааны шүлсийг асгаруулж байсан аж. Учир нь Тагна Тувагийн байгалийн баялаг нүдэнд харагдахуйц ил байдалтай байсан тухай бичжээ.
Уурхай баялгийн охь болсон нутаг учраас анхаарлаа салгаж болохгүй гэх гол зөвлөмжийг өгсөн байгаа юм. Хаант Оросын бодлого эрт үеэс Дорно зүг рүү газар нутгаа тэлэх, нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж, хэрэгжүүлсэн. Үүнд гол хувь нэмэр оруулсан хүн бол С.Р.Минцлов юм" хэмээн ярилаа.
"Манж чин улсын цэрэг татлага, ангийн үслэг эдлэл, хоол хүнсний нөөц бүрдүүлэхэд Тувагийн бүс нутгийг ашиглаж байсан"
Түүнчлэн Манж чин улс болон Хаант Орос улс Тувагийн бүс нутгийг хэрхэн хувааж авсан талаар ОХУ-ын Томскийн их сургуулийн докторант Н.Төмөр-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "1727 оны наймдугаар сард одоогийн Хиагтад "Буурын гэрээ" байгуулагдсан. Энэ гэрээ 1725 онд эхэлж, хоёр жил үргэлжилсний эцэст Манж чин болон Хаант Орос улс өөрийн эзэлж авсан газар нутгийг хэрхэн хувааж авахаа шийдэж байв. Нийт 30 удаагийн хэлэлцээрийн дараа Тувагийн газар нутаг Манж чин улсын харьяанд орсон юм.
Энэ үед 50 мянга орчим Тува хүмүүс Тагна Тувагийн бүс нутагт байсан аж. Гэхдээ нэг өрхийг 5-6 хүнээр бодож тоолсон. Буурын хилийн хэлэлцээрээр Тувагийн бүс нутгийн хойд талаар Манжийн хилийн бүсийг татсан. Гэвч хилийн харуул нь Тувагийн нутгийн урд суучихсан. Хилийн харуулын хойд талаар Тува хүмүүс нүүдэллэж амьдардаг асуудал гарч байжээ.
1727 оны гэрээнээс өмнөх хоёр жилийн хугацаанд Тувагийн ард түмэн Манж чин болон Хаант Орост зэрэг татвар төлдөг байсан. Нэг өрхөөс таван булганы арьс авдаг байжээ. Энэ үеэр Манжууд бага зэрэг заль хэрэглэж, Алтайн бүс нутгийн нэг өрхөөс гурван булганы арьс авсан байна. Хэрэв Оросууд та нар руу халдвал бид хамгаална гэх суртлыг түгээдэг байсан аж.
Тувагийн бүс нутаг эдийн засгийн хувьд маш ач холбогдолтой. Манж чин улсын цэрэг татлага, ангийн үслэг эдлэл, хоол хүнсний нөөц бүрдүүлэхэд Тувагийн бүс нутгийг ашиглаж байсан" гэв.
Эрдэм шинжилгээний хурлын зургуудаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

