Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Торгуулиа хугацаандаа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгах, ангилал өөрчлөх, автомашины шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 231,397, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ сарын 1-нээс зөрчил бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийж эхлээд буй. Монгол Улс 1.5 сая тээврийн хэрэгсэлтэйгээс 785,000 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.

Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх хуулийн зохицуулалттай байна.

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, ангилал нэмэх, сунгах, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээг Цагдаагийн байгууллагын болон АТҮТ-ийн алба хаагчид авч ажиллаж байна.

Торгох шийтгэлийг төлж дуусгах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хууль, журамд заасны дагуу түр саатуулах хашаанд зөөж, шилжүүлнэ" гэж мэдээллээ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан бол 15 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанаас өмнө төлбөл 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Харин торгуулиа төлөх ёстой 15 хоногоос хэтэрвэл сар тутамд торгуулийн 10%-ийг нэмж төлөх зохицуулалт таван сар үргэлжилдэг байна.

2024 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар:

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери Техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн тоо Татвараа төлөөгүй Торгуулиа төлөөгүй
1 Улаанбаатар хотын дугаартай                         99,229                       231,397                  355,300
2 Хөдөө орон нутгийн дугаартай                         59,809                       177,287                    96,130
  Нийт                       159,038                       408,684                  451,430

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт:

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.

Түүнчлэн уг хуульд торгох шийтгэлийг биелүүлээгүй бол торгох шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр тооцож солино гэж тус тус заажээ.

Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахыг хориглодог байна.