Уншиж байна ...

С.Цэнгүүн: Бүтээмжээ үнэлүүлдэг ардчилсан нийгэмд амьдарч байж социализмын үеийн одон, медалиа болчихъё л доо

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэхүү өөрчлөлтөөр улс төрийн намын бүртгэлийн асуудалтай холбоотой зарим заалтын хэрэгжиж эхлэх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудлыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Бид намын дүрмийн талаар л яриад байгаа болохоос намын хөтөлбөр гэдэг чухал баримт бичгийг орхигдуулаад байна. Тэр талаар хэн ч дуугарахгүй байгаад сэтгэл зовниж байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад намын хөтөлбөр гэдгийг тухайн намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичиг байна гэж заасан байгаа юм.

Бид намын дүрмээр хэн яаж сонгогдох уу, үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэдгээ тодорхойлж байгаа бол намын хөтөлбөрөөр намын үндсэн суурь болох үнэт зүйлээ тодорхойлсон байх юм.

Үүнээс болоод юу болж байна гэхээр нэг нь бизнес дэх төрийн оролцоог багасгана гээд ярьж байхад нэг намаас сонгогдсон нөгөөдөх нь банкны хүүг бууруулна, цалин нэмнэ гэдэг зүйл яриад явж байдаг.

Ер нь улс төрийн намууд үзэл баримтлалаа дагадаг байх ёстой. Жишээ нь, сая болж өнгөрсөн нэг 100 жилийн ойгоор манай намын гишүүдээс над руу ярьж одон, медаль асуусан. Одон, медаль яаж авах уу, хөөцөлдөөд өгөөч гэдэг зүйл ярьж байна.

Манай нам үзэл баримтлалаараа социализмын үеийн одон, медаль ямар байр суурьтай байх вэ гэдэг тодорхой болгох ёстой.

Ер нь бүтээмжээ үнэлүүлдэг ардчилсан нийгэмд амьдарч байж социализмын үеийн одон, медалиа болчихъё л доо.

Одоо арванхоёрдугаар саржингаа баахан одон, медаль тараана. Засгийн газар, яамны жуух бичиг гэсэн хуурамч, үнэ цэнгүй юмыг олноор нь тараадаг. Тэрийг нь олж өгсөн УИХ-ын гишүүнээ сайн хүн гэж ойлгодог. Үүнийгээ бид одоо болих хэрэгтэй. Үүнийг болих үндсэн баримт бичиг нь намын хөтөлбөр юм. Энэ тал руу намуудыг шахаасай гэж хүсэж байна" гэв.