АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өчигдөр Украины асуудал хариуцсан элч төлөөлөгчөөр чөлөөнд гарсан генерал Кэит Келлогийг томилох зорилгоор нэр дэвшүүлж байгаагаа зарлажээ.
Өнгөрсөн сонгуулийн турш Трамп гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг зогсоож чадахаа амлаж байсан юм.
Гэхдээ шүүмжлэгчид нь түүнийг Оросын хяналтад Украины эзлэгдсэн газар нутгийг үлдээх замаар буюу Киевийн эрх баригчдаар буулт хийлгэх замаар дайныг зогсоох гэж байна гэж харддаг.
“Би генерал Кэит Келлогийг ерөнхийлөгчийн туслах, Украин, Оросын асуудал хариуцсан тусгай элчийн албан тушаалд томилохоор нэр дэвшүүлж байгаадаа баяртай байна. Кэит бол батлан хамгаалах болон бизнесийн салбарын шалгарсан удирдагч бөгөөд миний анхны засаг захиргаанд үндэсний аюулгүй байдлын чухал алба хашиж байсан юм” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
80 настай Кэит Келлог энэ оны эхээр бичсэн судалгааны нийтлэлдээ Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх замаар энх тайван тогтоохыг Вашингтоны эрх баригчдад уриалж байсан юм.
“Оросыг цаашид түрэмгийллээ үргэлжлүүлэх боломжгүй болгож, энхийн гэрээ байгуулсны дараа дахин дайрахгүй болгохын тулд АНУ-ын засаг захиргаа Украиныг үргэлжлүүлэн зэвсэглэж, батлан хамгаалах хүчин чадлыг нь бэхжүүлэх ёстой. Америкийн тусламж нь Украиныг Оростой энхийн хэлэлцээнд орох нөхцөлийг бүрдүүлэх болно” гэж Trumpist America First Policy Institute судалгааны хүрээлэнгийн тайланд тэр бичиж байжээ.
Трампын эхний засаг захиргааны үед Келлог хэд хэдэн албан тушаал хашиж байсны дотор Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг багтаж байна.
Долдугаар сард болсон Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганы үеэр Voice of America сувагт ярихдаа Келлог “Украин хэлэлцээ хийхийг хүсэхгүй байж болно. Гэхдээ энэ тохиолдолд хотууд нь асар их хохирол амсаж, хүн хүчний хохирлын тоо 130,000-аар тогтохгүй, 230,000-250,000 хүрэхийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!