Даваа гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп хэрвээ хоёр хөрш улс нь хууль бус цагаачлал, мансууруулах бодисын асуудлыг шийдвэрлэхгүй бол импортын бүх бараа бүтээгдэхүүнд нь 25 хувийн татвар оноохоор сүрдүүлсэн юм.
Хятадтай цуг АНУ-ын хамгийн том гурван худалдааны түнш болдог Канад, Мексик улсуудыг энэ мэдэгдэл гайхшируулаад байна.
Өчигдөр Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хэрвээ Трамп төлөвлөсөн татвараа хэрэгжүүлбэл хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.
“Хэрвээ АНУ татвараа нэмбэл Мексик улс бас нэмэх болно” гэж тэр хэлсэн байна.
Мексикийн эдийн засгийн сайд Марсело Эбрард үүнийг цааш нь дэлгэрүүлжээ.
“Ингэсэн тохиолдолд 400,000 орчим ажлын байраа АНУ алдах болно” гэж тэр мэдэгдсэн байна.
Энэ тоог Эбрард өөрийнх нь нутагт үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн тоо баримт дээр үндэслэн гаргаснаа тайлбарлажээ.
Тухайлбал АНУ-д худалдаалагддаг ихэнх пикап төрлийн автомашинуудыг Мексикт үйлдвэрлэдэг юм байна. Хэрвээ Трампын төлөвлөгөө хэрэгжвэл шинэ автомашины нэгжийн үнэ $3,000-аар нэмэгдэхийг Эбрард анхааруулжээ.
“Ийм учраас бид үүнийг хөл рүүгээ буудахтай адилтгаж байгаа юм” гэж тэр хэлсэн байна.
Өчигдөр Шэйнбаум утсаар Трамптай хууль бус цагаачлалын асуудлаар ярилцсанаа тусад нь мэдээлжээ.
“Би ерөнхийлөгч Дональд Трамптай сайтар ярилцлаа. Бид цагаачлалын асуудлаар Мексикийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан. Цагаачдын цуваа АНУ-ын хилд хүрэхгүй болсон нь Мексикийн авсан арга хэмжээний үр дүн болохыг би тайлбарлалаа” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.
АНУ, Мексик, Канад улсууд нь USMCA нэртэй чөлөөт худалдааны гэрээг хоорондоо байгуулсан байдаг. Гэрээ ёсоор гурван улсын худалдаанд импортын ихэнх татварыг хориглодог юм.
Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-д ашиггүй байгаа гэсэн шалтгаанаар уг гэрээг шинэчлэх санал гаргаж байжээ.
Тангараг өргөхөөс нь өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө Трамптай биечлэн уулзах хүсэлт тавьснаа Шэйнбаум өчигдөр мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!