Өчигдөр буюу Лхагва гарагт Оросын төв банк гадаад валют худалдаж авахаа энэ оныг дуустал зогсоож байгааг зарлажээ.
Пүрэв гарагаас эхлэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хэрэгжих уг шийдвэрээ “санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг намжаах” зорилготой гэж тайлбарласан байна.
“Хойшлогдсон худалдан авалтыг 2025 онд шилжүүлнэ” гэж бас мэдэгджээ.
Оросын төв банкны энэ шийдвэр нь рублийн ханш 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрч унасантай холбоотой бололтой.
Сүүлийн байдлаар рублийн ам.доллартай харьцах ханш 113 болжээ.
Украины дайн эхлэхийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард энэ ханш 75-80-ын хооронд хэлбэлзэж байсан юм.
Оросын төв банк өнөөдрийн ам.доллартай харьцах рублийн албан ханшийг 108.01, евротой харьцах ханшийг 113.09-өөр тогтоожээ.
Рублийн ханшийн уналт инфляцыг цаашдаа өсгөх нь тодорхой байна. Тухайлбал энэ оны сүүлээр инфляц Оросын төв банкны тооцоолж байснаас хоёр дахин өндөр буюу 8.5 хувь хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Инфляцын өсөлтийн улмаас төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 21 хувьд хүргэсэн нь сүүлийн 20 гаруй жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаа Оросын гурав дахь том банк болох Газпромбанкны эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
Тус банк Европын зах зээлд нийлүүлсэн Оросын байгалийн хийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг гол банк болоод байжээ.
Эхний ээлжийн хориг арга хэмжээнүүдэд Газпромбанкыг оруулаагүй нь Европын орнууд Оросын байгалийн хийгээс ихээхэн хамааралтай байсантай холбоотой.
Харин одоо энэ хамаарал багассан тул Вашингтон хориг арга хэмжээгээ авчээ.
Ингэснээр Оросын байгалийн хийн орлого, гадаад валютын эх үүсвэр цаашдаа буурах төлөвтэй байна.
Энэ долоо хоногт Москвад болсон арга хэмжээний үеэр ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов “Валютын ханш сайн, эсвэл муу байгааг би хэлэхгүй. Харин өнөөдрийн ханш экспортлогчдод маш их таатай байгааг л хэлмээр байна” гэж мэдэгдсэн юм.
Украины дайн, Өрнөдийн хориг арга хэмжээний дарамт дор Оросын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа.
Гэхдээ одоо тус улсын эдийн засаг Украины дайнаас ихээхэн хамааралтай болоод байна. Өөрөөр хэлбэл батлан хамгаалахтай холбоотой салбарууд эдийн засгийн бусад салбаруудын уналтыг нөхөж байгаа.
Тухайлбал 2024 оны Оросын төсвийн гуравны нэг орчим нь батлан хамгаалах салбарт хуваарилагдсан нь хүйтэн дайны үеэс хойших хамгийн өндөр хэмжээ юм.
Шинжээчид одоо Оросын эдийн засагт стагфляцын шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн гэж үзэж байна. Энэ нь бага өсөлт, өндөр инфляц гэсэн үгнүүдийг хослуулсан нэр томьёо юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!