Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан эх орончийн түүхийг үзүүлсэн “Харбин” уран сайхны кино сар хүрэхгүй хугацааны дараа Өмнөд Солонгосын зах зээлд нээлтээ хийж гэж байна.
Тус киноны найруулагч У Мин Хо өчигдөр Сөүл хотод болсон хэвлэлийн хурлын үеэр шинэ уран бүтээлийнхээ талаар танилцуулжээ.
“Харбин” киноны зургийг Өмнөд Солонгос, Латви, Монгол гурван улсын нутаг дэвсгэрт авсан юм байна.
“Монголд очсоныхоо дараа бид зураг авах газартаа хүрэхийн тулд дахиад гурав хоног явах хэрэгтэй болсон. Дан шороон замаар явсан тул бид нэлээд ядарсан” гэж найруулагч яриад хасах 40 хэмийн хүйтэнд зураг авах хүнд сорилт байсныг бас онцолжээ.
Киноны гол дүр болох тэмцэгч Ан Жүн Гүн (1879-1910) хэмээх түүхэн хүний дүрийг жүжигчин Хюн Бин бүтээсэн байна.
Ан Жүн Гүн 1909 онд зүүн хойд Хятадын Харбин хотод Японы анхны ерөнхий сайд, тухайн үед Солонгос дахь захирагчаар ажиллаж байсан Ито Хиробүмийг буудан хөнөөж байжээ.
“Харбин” киног 30 тэрбум воны ($21.5 сая) төсвөөр бүтээсэн нь нэлээд өндөрт тооцогдож байгаа гэсэн мэдээлэл бий.
Киноны найруулагч У Мин Хо 2015 оны “Inside Men”, 2020 оны “The Man Standing Next” бүтээлүүдээрээ танигдсан хүн юм.
“Харбин” киног арванхоёрдугаар сарын 25-ны өдөр кино театруудад үзүүлж эхлэхээр болжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!