“Ти Ди Би Секьюритис” Үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбаттай ярилцлаа.
- Сайн байна уу? Тэнгэр Даатгал ХК олон нийтэд хувьцаагаа санал болгох гэж байгаа талаар яриагаа эхлэх үү?
- Тиймээ. Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаа энэ үетэй зэрэгцээд Монгол Улсын ууган даатгалын компани өөрийн хувьцааны 20.83 хувийг олон нийтэд санал болгож нийт 10.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Нэгж хувьцаагаа 800 төгрөгөөр санал болгож байгаа бөгөөд санал болгож буй хувьцааныхаа 20-с багагүй хувийг олон нийтэд, үлдэх хэсгийг стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгоно.
- Энэ хувьцааны давуу талаас дурдвал?
- Шууд хувьцааны давуу тал гэсэн нэршил бага зэрэг буруу гэж харж байна. Үнэт цаас гаргагч буюу компанийн давуу тал, өрсөлдөх чадвар, санхүүгийн эрүүл мэнд, удирдлагын баг зэргийг онцгойлон ярих нь зөв байх. Эдгээр хүчин зүйлсээс хамаарч хувьцааны чанар чансаа яригдана гэж ойлгож байна.
“Тэнгэр Даатгал” ХХК үйл ажиллагаагаа явуулаад 23 жил болж байгаа ба үүнээс сүүлийн 16 жилд үйл ажиллагаа нь илүү тогтворжсон бол сүүлийн 3 жилийн хугацаанд тэлэлтийн үе нь эхэлсэн. Учир нь тус компани нь өр төлбөр байхгүй буюу бизнесээ зөвхөн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа нь маш том давуу тал. Өөрөөр хэлбэл ирээдүйд орж ирэх орлого, түүнээс үлдэж буй ашиг нь аль нэг банк болон ББСБ-ууд руу биш шууд хувьцаа эзэмшигч нарт очно.
Одоогийн нөхцөлд ялангуяа эрчим хүчний салбар болон технологийн компаниуд нэмэлтээр зээл авах замаар зах зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах үүднээс хөшүүрэг ашигладаг бол даатгалын салбарт компани өр төлбөр нэмж авах шаардлага харьцангуй бага. Энгийнээр хэлбэл зээл аваад нөхөн төлбөр өгөөд явбал үр ашиг бага шүү дээ.
- Тус компанийн санхүүгийн үзүүлэлт, ашигт ажиллагаа нь ямар байгаа бэ?
- “Тэнгэр Даатгал” ХХК нь ердийн даатгалын зах зээлд нийт ашгийн 56 хувийг дангаар бүрдүүлж байгаагаас гадна зах зээл дээр өөрийн хөрөнгийн өгөөжөөрөө тэргүүлж байна. Аливаа бизнесийн эцсийн зорилго нь ашиг олох ба эндээс харвал ямар чанар чансаатай хувьцаа гэдэг нь харагдах байх. Мөн хувьцааны үнэлгээний хувьд P/B харьцаа 1.5 нэгж, P/E харьцаа 9.2 нэгж байгаа бөгөөд 2018-2024 онуудад дотоодын зах зээлд IPO хийж нээлттэй хувьцаат компани болсон компаниудтай харьцуулбал харгалзан 46-94 хувиар бага. Дээр дурдсан P/E харьцаа буюу үнэ ашгийн харьцаа 9.2 нэгж байгаа нь техник тал буюу онол талаасаа “must buy” хувьцаа юм.
Түүнчлэн 2018-2024 онуудад хувьцаагаа олон нийтэд арилжаалсан компаниудын медиан өөрийн хөрөнгийн өгөөж 16 хувь байсан бол “Тэнгэр Даатгал” ХХК-н энэхүү үзүүлэлт 23 хувь байна.
- Иргэд олон нийтийн дунд компаниуд хувьцаагаа зараад хүүгүй санхүүжилт татаад байна гэсэн яриа байгаад байдаг?
- Үнэгүй мөнгө буюу актив гэж хаана ч байхгүй л дээ. Хувьцаагаа зараад эх үүсвэр татах нь хүүгүй мөнгө зээлээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч эргээд хувьцаа эзэмшигч нар хүүгүй мөнгөө хувьцааны ханшийн уналтаараа төлдөг. Нөгөө талаас Тэнгэр Даатгалын хувьцаа нь “Dividend Stock” буюу ногдол ашиг сайн олгодог компани болох боломжтой гэж ойлгож байгаа. Үнэт цаас гаргагчийн удирдлагын баг ч мөн сайн ногдол ашгийн бодлого баримталж ажиллахаа илэрхийлээд байгаа. Энэ талаас нь харвал хөрөнгө оруулагч нь зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс өгөөж хүртэх биш мөн ногдол ашгаас өгөөж хүртэнэ гэж харж байна.
- Өмнө нь IPO хийсэн компаниудын хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр унаад байгаа талаар таны бодол ямар байгаа бэ?
- Яг энэ асуултыг ирнэ гэж бодож байлаа. Олон шалтгаан байгаа. Нэг талаас эрэлт бага буюу мэргэжлийн хөрөнгө оруулагч нар дотоод зах зээлд бага, нөгөө талаас нийлүүлэлт их буюу жижиг зах зээлд банкнуудын хувьцааг нэг доор шахаж гаргасантай холбоотой гэж хувьдаа хардаг. Гэхдээ банкнууд болон бусад компаниуд ногдол ашиг ямар нэг хэмжээгээр тарааж хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний өгөөж өгч байгаа. Мөн зах зээл өсөж байдаг унаж л байдаг. Хэт их шунаад яах вэ бас хэт их айгаад хэрэггүй.
Эцэст нь хэлэхэд Intel, Nvidia компаниуд нэг салбарт ажилладаг хэдий ч Nvidia тэс өөр компани болсон. Яг үүнтэй адил “Тэнгэр Даатгал” ХХК бусад даатгалын компаниудаас тэс өөр юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!