Уншиж байна ...

"Цахим платформд бүртгэлтэй хувиараа таксинд явдаг иргэн торгуулахгүй. Таван ААН такси үйлчилгээний зөвшөөрөл авсан"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан.

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-аас 107 дугаар тогтоолыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн Зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргал хэлж байна. Албан бус тоогоор хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 25,000 орчим иргэн цахим платформд бүртгүүлжээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу Нийтийн Тээврийн Бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ НТБГ-т ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм.

Өнөөдрийн байдлаар НТБГ-т хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван ААН байна. Энэхүү ААН-үүд 251 тээврийн хэрэгсэлтэй. MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартад заасан

  • Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй
  • Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай
  • Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх
  • Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн
  • Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан
  • Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй
  • Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон
  • Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх
  • Жолооны зөв хүрдтэй байх гэсэн шаардлагыг хангажээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.