Уншиж байна ...

Л.Энхмандах: "New Star"-ын 20 жилийн ойд зориулсан тоглолтод 87 уран бүтээлч оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 20 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын ууган студийн нэг “New Star”-ын 20 жилийн ойд зориулсан "Бүх оддын тоглолт"-ын талаар зохион байгуулагчид нь мэдээлэл өглөө.

Энэ талаар тус студийн гүйцэтгэх захирал Л.Энхмандах "Анх 2004 онд "Стар" студи гэж байгуулагдаад удалгүй шинэ тоног төхөөрөмж, шинэ байртай болсноор 2007 оноос "Нью Стар" нэрээр одоог хүртэл явж байна.

Өнгөрсөн хугацаанд маш олон уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. 20 жилийнхээ ойн тоглолтын талаар өнгөрсөн жилээс ярилцаж эхэлсэн юм.

Уг тоглолтын гол онцлог нь манай студиэс гаргасан бүх хит дуунуудыг амьд хөгжмийн хэмнэлтэй тоглоно. Тоглолт энэ сарын 18-нд 17:00 цагаас "Ug Arena"-д болох юм. Бэлтгэл ажил 100% хангагдсан байгаа.

Манай тоглолтын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар С.Гантөр ажиллана. 

Тоглолтын хамгийн хүндтэй зочид бол "Соёл Эрдэнэ", "Өргөө", "Инээмсэглэл", "Айзам 2" хамтлаг болон хамгийн залуу уран бүтээлчээр дуучин Б.Энхзаяа оролцох юм. 

Б.Энхзаяа маань дуучин Г.Тэнүүнтэй хамтраад "Хайрлах хүсэл" дууг амилуулах юм. Нийтдээ 87 уран бүтээлч, 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр хоногийн дараа болох тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа тоглолтын найруулагчаар нь ажиллаж буй Р.Мөнхсайхан "Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлыг хэдэн хит дуутай вэ гэдгээр хэмжих байх.

Хамгийн анх жагсаалт гаргахад 200 гаруй хит дуу гарч байлаа. Яг уран бүтээлчдээр нь тоолбол 47 хамтлаг, дуучид болж байна.

Дуу яаж хит болдог вэ гэвэл тэр цаг үедээ хүний сэтгэлд хүрснээр тодорхойлогдоно. Тэгэхээр энэ дуунууд бүгд тэр үеийн хүмүүсийн сэтгэлд хоногшсон уран бүтээлүүд.

Бид тоглолтод зориулан зарим дууг шинэчлэн найруулж, шинэ залуу оддоор дуулуулсан. Зарим хүн энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа бол ихэнх нь таатай хүлээж авсан.

Бүх дуунууд амьд хөгжимтэй явах тул дахин давтагдашгүй тоглолт болно. Бид тоглолтыг ямар нэг урсгалаар нь хуваагаагүй. Үзэгчдэд зориулсан содон хөтөлбөртэй байгаа. Одоо цагт ийм олон уран бүтээлч оролцсон тоглолт хийх хэцүү болсон. Өнөө цагт ийм олон оддыг цуглуулж чадаж байгаа нь "Нью Стар" студи юм" гэж онцоллоо.

Тус студи нь орчин цагийн хөгжмийг өнөөгийн мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхандаа тодорхойлогддог бөгөөд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон зуун дуунуудын аялгуу, хөгжмийн найруулгыг хийсээр ирсэн юм. Тиймдээ ч 20 жилийн ойдоо зориулан тус студиэс төрөн гарсан “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь”, “Буруу эргэлт” киноны дуу, “Илчилж амжаагүй хайр”, “Хагацал үзээгүй хайр” зэрэг 40 гаруй хит дууг сонгожээ.