Уншиж байна ...

Илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хүнсээр хангагдах эрхийг хангая

ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улаанбаатар хот – 10-р сарын 16 бол Дэлхийн Хүнсний Өдөр. Дэлхийн Хүнсний Өдрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын байгуулагдсан өдөртэй давхцуулан тэмдэглэдэг бөгөөд энэ өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм.

“Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн төлөв байдлын 2024 оны дэлхийн тайлан”-д дурдсанаар өнөөдөр дэлхийн 730 сая гаруй хүн өлсгөлөнд байж, 5-аас доош насны нийт хүүхдийн 22.3% нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй өсөлтийн хоцролттой буюу нас чацуутнуудаасаа намхан, 6.8% нь тураалтай, дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 1.3% хоол тэжээлийн архаг дутагдалд нэрвэгдсэн, 1.6 тэрбум эмэгтэйчүүд, хүүхдүүд хоол хүнсээр авах шаардлагатай нэг эсвэл хэд хэдэн амин дэм, эрдсийн дутагдалтай байна. 2.8 тэрбум хүн зохистой хоол хүнсээр хангагдах санхүүгийн чадавх муутайн улмаас хоол хүнсний наад захын хэрэгцээгээ л хангах төдий эрүүл биш хямд хоол хүнсийг сонгохоос өөр аргагүй байна гэжээ.

зураг
 

Санхүүгийн боломжтой ч зохистой хооллолтын талаарх хангалттай мэдлэг, мэдээлэлгүй байдал нь зарим хүмүүсийг хоол тэжээлийн тэнцвэр алдагдсан зохисгүй хооллолтой амьдралын хэвшилд хүргэж, илүүдэл жин, таргалалтыг нэмэгдүүлснээр зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар нэмэгдэх шалтгаан болж байна. Насанд хүрсэн 2.5 тэрбум хүн, 5-аас доош насны 37 сая хүүхэд илүүдэл жинтэй, насанд хүрсэн 890 сая хүн хэт таргалалттай байна.

НҮБ-ын ХХААБ 2024 оны Дэлхийн Хүнсний Өдрийг “Илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хүнсээр хангагдах эрхийг хангая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ арга хэмжээ нь хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулахын ач холбогдлыг онцолж, илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход чиглэсэн.

зураг
 

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нээлтийн мэндчилгээндээ “Хүн бүр, амьдарч буй нөхцөл байдал, газар зүйн байрлалаас үл хамааран, шим тэжээлтэй хүнс хүртэх эрхтэй. Энэ эрх нь зөвхөн ходоодоо дүүргэх хэрэгцээг хангахаас гадна, нэр төр, аюулгүй байдал, илүү сайхан ирээдүйн баталгаа байх ёстой” гэж онцлон тэмдэглэсэн юм.

зураг
 

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтын хүрээнд бүх талууд хамтран ажиллаж байна” гэж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Б.Бейсен нээлтийн үгэндээ онцоллоо.

Энэхүү арга хэмжээ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн хоол тэжээлтэй амьдралыг баталгаажуулах чиглэлд Монгол Улсын хамтын хүчин чармайлтыг бататгах чухал боломж болсон.

зураг
 
зураг