Уншиж байна ...

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахын тулд дөрвөн зорилт дэвшүүлжээ

П.Зоригт, IKON.MN
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жендэрийн үндэсний хорооноос эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав. 

“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулах сургалтыг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг Биеийн тамир, спортын улсын хороо, аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, газрын ажилтан албан хаагчдад танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулав.

Сургалтаар тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл өглөө.

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахын тулд дөрвөн зорилт дэвшүүлснийг танилцуулсан юм.

  1. Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих,
  2. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах,
  3. Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах,
  4. Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо