Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хийлдэг завин дээр 66 хоног далайд хөвсөн Оросын иргэн аврагджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Далайн мөстэй хүйтэн усанд хоёр сар гаруй хугацаанд хийлдэг завьтай хөвсөн эрэгтэй аврагдсан тухай Оросын албаныхан өчигдөр мэдээлжээ.

Михаил Пичугин өөрийн төрсөн ах болон 15 настай зээгийн хамт наймдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск мужийн эргээс Сахалин арал хүрэхээр хийлдэг завьтай гарсан юм байна.

Сураггүй болсон завийг Даваа гарагийн өглөө Агнуурын тэнгист явсан загас агнуурын хөлөг анх гарсан цэгээс нь 1,000 орчим километрийн зайд олжээ.

Тухайн үед завин дээр сахал үсэндээ баригдсан Пичугин болон түүний 49 настай ах Сергей, 15 настай зээ Илья нарын цогцос байсан байна.

зураг
 

Сураггүй болсных нь дараа тэднийг аврагчид хайгаад олоогүй тул далайд живсэн гэж таамаглаж байжээ.

Пичугиний гэргий Екатерина нөхөр нь амьд мэнд олдсон энэ ховор тохиолдлыг “гайхамшиг” гэж нэрлэсэн байна.

Гурван эр далайд гарахдаа хоёр долоо хоног хэрэглэх хэмжээний хоол хүнс, ундны устай гарсан гэнэ.

Нөхрийнх нь 100 кг жинтэй лагс бие амьд үлдэх шалтгаан болсон гэж таамаглаж байгаагаа Екатерина ярьжээ.

Пичугин аврагдахдаа 50 кг жинтэй болсон байсныг Оросын телевизүүд мэдээлсэн байна.

Түүнийг загас агнуурын хөлөг Магадан хотын эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр биеийн дулаанаа алдаж, осгосон байсныг эмч нар ярьсан байна.

Завин дээр нас барсан хоёр хүнийг цогцост мэргэжилтнүүд шүүх эмнэлгийн шинжилгээ явуулж эхэлжээ.

Пичугин далайд гарахдаа зам тээврийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн байх магадлалтайг орон нутгийн прокурорын алба мэдээлсэн байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол тэр долоо хүртэл жилийн хорих ял сонсох гэнэ.

Пичугин аврагдсаныхаа дараа зээ нь есдүгээр сарын эхээр нас барсныг загасчдад хэлжээ. Дараа нь завин дээр удаан сууснаас арьс нь цоорсон Пичугиний ах биеэ угаах гэж байгаад мөстэй усанд унасан байна.

Тэрбээр ахыгаа уснаас гаргаж чадсан ч удалгүй амьсгал хураажээ.

Ах дүүс Улаан-Үд хотын уугуул хүмүүс байсан бөгөөд Пичугин нь Сахалин аралд жолоочоор ажилладаг байсан юм байна.

Тэрбээр ахыгаа хүүтэй нь хамт Сахалинд урьж авчраад байхдаа ийнхүү осолджээ.

1960 онд Зөвлөлтийн дөрвөн цэрэг Номхон далайн усанд жижиг завьтай 49 хоног хөвснийг АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Keersarge аварч байсныг нэгэн түүхч РИА Новости агентлагт ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP