Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эмийг жортой, жоргүй олгохыг эмийн сан бус үйлдвэрлэгч нь тогтоодог

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмийн сангууд өмнө нь жоргүй олгож байсан эмийг худалдаалахдаа эмчийн жор шаардах болсон. Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Монгол Улсад Эмийн тухай хууль анх 1998 онд батлагдсан. Хамгийн сүүлд 2024 онд шинэчилсэн. Хууль шинэчилсэнтэй холбоотойгоор ямар нэгэн эмийг жороор эсвэл жоргүй олгох тухай шинэ зохицуулалт гараагүй. 

“Жороор олгох ёстой эмийг жоргүйгээр олгохыг хориглоно” гэдэг зохицуулалт нь Эмийн тухай хуулиар 20 гаруй жил мөрдөгдөж байгаа.

Мөн эмийн жор, жорын маягтай холбоотой стандартыг 2016 онд шинэчилсэн. Энэ стандарт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Эмч нар стандартын дагуу маягт дээр эмийн жор бичиж олгох ёстой.

Эмийн сангууд энгийн эмийн жороор үйлчлэхдээ заавал эмнэлгийн тамга шаардахгүй, тухайн эмч гарын үсгээ бичээд, тамгаа дарсан байхад хангалттай” гэв.



Өвчин намдаах эмийг заавал жороор олгох уу? 

Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдрийн байдлаар 4,110 эм бүртгэлтэй байгаагаас 2,878 нэрийн эмийг жороор, 1,154 нэрийн эмийг жоргүй олгохоор, 78 нэрийн эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр заасан байна.

Жоргүй олгохоор заасан 1,154 эмийн дотор халуун бууруулах, үрэвслийн эсрэг, цэр ховхлох үйлчилгээтэй 137 нэрийн эм байна.

Тэгвэл яг ижил нэр, тунтай өвчин намдаах эмийг нэгийг нь жортой, нөгөөг нь жоргүй олгож байгаагийн учрыг Эрүүл Мэндийн Яамнаас дараах байдлаар тайлбарлажээ. Уг тайлбарт "Дэлхийн бүх улс оронд үйлдвэрлэгчээс ирүүлсэн бүртгэлийн материалд үндэслэн эмийг бүртгэдэг ба олгох нөхцөлийг тогтоодог. Үйлдвэрлэгч тухайн эмийн найрлага, тун хэмжээ зэргийг үндэслэн олгох нөхцөлийг тогтоож, хэрэглэх зааварт тусгадаг.

Одоо мөрдөгдөж байгаа хуульд  “Эмийг улсын бүртгэлд бүртгэхэд мансууруулах эмийн жороор, сэтгэцэд нөлөөт эмийн жороор, энгийн жороор, жоргүй олгох, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх гэж олгох нөхцөлийг тогтоож, хэрэглэх зааварт тусгана” гэж заасан. Энэ зохицуулалт “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” өмнөх хуулиудад байсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “эмийн жор” гэж эмчээс тухайн хэрэглэгчид зориулан эмийн нэр, тун, хэмжээ, хэрэглэх аргыг заан эм зүйч, эм найруулагчид хандсан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж заасан байдаг. “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2016 стандартын дагуу жорыг үнэн зөв бичих нь эмч нарын үүрэг. Иймээс эмийг жороор олгох асуудал дан ганц эмийн сангаас хамаарахгүй" гэжээ. 

Жоргүй олгох эмийн мэдээллийг хаанаас авч болох вэ?

Жоргүй олгох эмд халуун бууруулах, өвдөлт намдаах, цэр ховхлох, ханиалга намдаах, үрэвслийн эсрэг, хордлого тайлах зарим эм, уламжлалт анагаах ухааны эм, аминдэм зэрэг эмүүд багтдаг.

Жоргүй олгох эмийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын https://licemed.mohs.mn/ цахим холбоосноос харах боломжтой.