Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын зээлийн санд өртэй 13 мянган иргэний 14.1 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ асуудалтай холбогдуулан тус сангийн зээлийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Боловсролын зээлийн санд зээлээ төлөөгүй хүмүүсийн тоог тодруулав.

Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа: Одоогийн байдлаар хөнгөлөлттэй буюу 1993 оноос 2016 он хүртэл олгогдсон зээлийн 13 мянган иргэний 14.1 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.

Өнгөрсөн хугацаанд аудитын байгууллагын актад дурдагдсан зээлээс нийт хоёр тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн.

Өрийн үлдэгдэлтэй 1,427 гадаадад суралцагчийн 220 тэрбум төгрөгийн зээл байна. Энэ өрийг барагдуулахаар бид Монголбанк, Авлигатай Тэмцэх Газар болон прокурорын байгууллагатай санал солилцож байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Зээлийн сангийн санхүүжилт нийт хэд юм бэ. Энэ сангийн зээлийг дотоодын сургуулиуд руу чиглүүлэх боломж бий юу.

Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа: 2023 онд сан 91 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2024 онд 124 тэрбум төгрөгийн төсөвтэй байна. Үүний 97 хувь нь суралцагчдад чиглэсэн санхүүгийн дэмжлэг юм.