Уншиж байна ...

Путин энэ долоо хоногт Ираны ерөнхийлөгчтэй Туркменистанд уулзана

Т.Давааням, ikon.mn
8 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан

Энэ долоо хоногийн Баасан гарагт Орос, Ираны ерөнхийлөгч нар Туркменистанд уулзахаар болсныг Кремлийн эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Туркмений яруу найрагч Магтымгулы Пырагыгийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан олон улсын хурлын үеэр Владимир Путин, Масуд Пезешкиан нар Ашгабат хотод уулзахаар болсныг ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Энэ уулзалт нь хоёр улсын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхээс гадна Ойрх Дорнодын хурцадмал нөхцөл байдлыг хэлэлцэхэд маш чухал ач холбогдолтой байх болно” гэж тэр хэлжээ.

Яруу найрагчийн мэндэлсний ойн арга хэмжээнд Төв Азийн орнуудын удирдагчид оролцох юм байна.

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногт Иранд айлчлахдаа тус улсын ерөнхийлөгч Пезешкиан болон дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф нартай уулзсан юм.

Путин, Пезешкиан нарын уулзалт Ираны агаарын довтолгооны хариуд Израил улс ижил төстэй арга хэмжээ авахаар бэлдэж буй цаг үетэй давхцаж байна.

Мөн Ираны холбоотон Ливаны Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг Израилийн арми байлдааны ажиллагаа явуулж эхлээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байгаа.

Украины дайнаас хойш Орос, Ираны түншлэл гүнзгийрсэн бөгөөд Өрнөдийн орнууд Москвад зэвсэг нийлүүлж байгаа Тегераны эрх баригчдыг шүүмжилдэг.

Гэхдээ Ираны тал ОХУ-д зэвсэг нийлүүлснээ байнга няцаадаг.

Пезешкиан бас энэ сарын сүүлээр ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах хөгжиж буй орнуудын холбоо BRICS байгууллагын дээд хэмжээний чуулганд оролцох юм.

 

Эх сурвалж: AFP