Уншиж байна ...

Их Британийн ерөнхий сайд бэлэгт авсан Тэйлор Свифтийн тоглолтын тасалбарын үнийг буцааж төлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер хандивлагчдын өгсөн бэлгийн үнэ болох хэдэн мянган фунт стерлингийг буцааж төлснийг хэвлэлийн алба нь өчигдөр мэдээлжээ.

Ерөнхий сайдаар томилогдоод дөнгөж гурван сар болж байгаа Стармерын танхимын зарим сайд нар хандивлагчдаас их хэмжээний бэлэг авсан тухай дуулиан саяхан Британийн хэвлэлүүдээр дэгдсэн юм.

Стармер өөрийн авсан бэлгийн үнэ болох 6,000 фунт стерлингийг ($7,961) буцааж төлсөн тухай Даунин Стритийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Бид одоо хандивтай холбоотой журам боловсруулж байгаа. Учир нь өнөөдрийг хүртэл улс төрчид тохиолдол бүрийг хувь хүнийхээ үзэмжээр шийдэж ирсэн юм. Тиймээс би журмыг хэрэгжиж эхлэх хүртэл авсан бэлгийнхээ үнийг буцаан төлөх нь зөв гэж шийдсэн” гэж Брюссель хотод айлчилж байх үедээ Стармер энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Түүний төлсөн 6,000 фунт стерлинг нь Америкийн поп од Тэйлор Свифтийн тоглолтын зургаан тасалбар, морин уралдааны дөрвөн тасалбар, өндөр зэрэглэлийн загвар зохион бүтээгчийн хувцсыг түрээслэх эрхийн зардал ажээ.

зураг
 

Британийн парламентын нийтийн танхимын ёс зүйн дүрэмд зааснаар хууль тогтоогчид өөрийн ажил үүрэгт нөлөөлж болохуйц санхүүгийн ашиг сонирхлын талаар мэдүүлэх үүрэгтэй байдаг.

Лхагва гарагийн өглөө Британийн парламент Стармерын тэргүүлдэг Хөдөлмөрийн намын хандивлагчдын нэг Вахид Аллитай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаар шалгаж байгаагаа мэдээлсэн юм.

Стармер өмнө нь санхүүгийн ашиг сонирхлын тайландаа Аллигаас нүдний шил, бэлэн хувцас, зочид буудлын зардал зэргийг хандивт авч байснаа дурдаж байв.

Алли нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн, ASOS онлайн хувцасны дэлгүүрийн гүйцэтгэх захирал асан хүн юм.

Дуулиан дэгдсэний дараа өнгөрсөн сард Стармер өөрийн өмсөх хувцсыг бусдаас хандив хэлбэрээр авч байхаа бүрмөсөн больж байгааг зарлаж байв.

Түүний шадар сайд Анжела Райнер, сангийн сайд Рэчел Ривз нар бас ижил шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: Reuters