Уншиж байна ...

“Дидди” Шон Комбсын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 120 хүн шүүхэд ханджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 04 минут
iKon.MN
Зураг зураг

Америкийн рэп од “Дидди” Шон Комбсын бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон 120 хүн шинээр шүүхэд гомдол гаргасныг хуульч Тони Базби өчигдөр зарлажээ.

Тэдгээрийн хамгийн залуу нь хохирогч болох үедээ есөн настай байсан байна.

“Энэ бол бидний шуурхай мөрдөх ёстой чухал асуудал юм” гэж Техас мужид хууль, эрх зүйн үйл ажиллагаа явуулдаг Базби өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Харин Комбсын өмгөөлөгч Эрика Вольф үүнийг “гүтгэлгийн шинж чанартай худал мэдэгдэл” гээд эрс няцаасан байна.

Базби болон түүний багийнхан энэхүү ноцтой хэрэгт оролцсон хувь хүн, байгууллага бүрийг илрүүлэхийн тулд “чулуу бүрийг алгасалгүй сөхөж харах” төлөвлөгөөтэй байгаагаа өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Шон Комбс айлган сүрдүүлэлт, бэлгийн наймааны хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан юм.

Түүний батлан даалтаар суллагдах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй бөгөөд одоо АНУ-ын Холбооны цагдан хорих төвд саатуулагдаж байгаа.

Комбсын эсрэг гомдол гаргагчдын тоо 120 хүрсэн бөгөөд тэдний тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байгааг Базби өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын нийт 25 мужаас Комбсын хохирогчид илрээд байгаа бөгөөд тэдгээрийн 25 нь насанд хүрээгүй байхдаа хохирогч болсон байна.

Хохирогчдын мэдүүлсэн Комбсын гэмт үйлдлүүд 1991 оноос энэ оныг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд ихэнх нь 2015 оноос хойш үйлдэгджээ.

зураг
 

“Урлагийн салбарт хөл тавихыг хүссэн залуус од болгох амлалт болон Шон Комбст бүтээлээ сонсгох амлалтад хууртан олон удаа ийм хэргийн хохирогч болж байжээ” гэж Базби ярьсан байна.

Тухайлбал нэг эрэгтэй хохирогч есөн настай байхдаа дуу бичлэгийн гэрээ байгуулах амлалтад хууртан Нью-Йоркийн нэг студид Комбс болон түүний хамтрагчдын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан байна.

Бас нэг эрэгтэй хохирогчийг насанд хүрээгүй байхад Комбс од болгох амлалт өгөхдөө эхлээд эцэг эхээ дагуулалгүй, ганцаар ирж уулзахыг урьж байжээ.

Ингээд уулзахаар очиход нь Комбс "аман сэкс" хийхийг хохирогчоос шаардаж байсан тухай баримтыг өмгөөлөгч нь танилцуулсан байна.

Мөн Нью-Йорк хотод зохион байгуулсан үдэшлэгт нь оролцсон 15 настай охин Комбс болон түүний хамтрагчдад хүчиндүүлсэн баримтыг хуульчид ил болгожээ.

“Энтертайнмэнт салбарын хамгийн том нууц эцэст нь дэлхий нийтэд ил болж байна. Чимээгүй байдлын хана хэрэм одоо нурж байна” гэж хэлсэн Базби хохирогч бүрд тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Базбитэй хамтран ажиллаж буй AVA хуулийн фирмийн өмгөөлөгч Эндрью Ван Арсдэйл өнгөрсөн хугацаанд Комбсын хохирогчтой холбоотой 3,000 гаруй утасны дуудлага хүлээж аваад байгааг энэ үеэр мэдээлжээ.

Тус фирм дээрх 120 хохирогчийн хэргээс гадна Комбстой холбоотой өөр 100 хэргийг шалгахаар ажиллаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC