Уншиж байна ...

Орос, Буркина-Фасо улсууд сансарт зэвсэг байрлуулахгүй байхаар тохиролцов

Т.Давааням, ikon.mn
2 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр ОХУ болон баруун Африкийн Буркина-Фасо улсын гадаад хэргийн сайд нар сансарт зэвсэг байрлуулахгүй байх гэрээг байгуулжээ.

Гэрээ байгуулсныхаа дараа Сергей Лавров, Карамоко Траоре нар “хоёр орны харилцааны цаг үеийн асуудал, бүс нутаг, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон” тухай ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлсэн байна.

Буркина-Фасо нь Дэлхийн Банкны ангиллаар бага орлоготой, хөгжиж байгаа оронд тооцогддог.

2022 онд тус улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $19.568 тэрбум, нэг хүнд оногдох хэмжээ нь $859 байжээ.

Буркина-Фасогийн хүн амын 40 хувь нь ядуурлын түвшнээс доогуур буюу өдөрт $1 хүрэхгүй орлогоор амьдардаг.

НҮБ-ын хүний хөгжлийн индексээр тус улс дэлхийн 189 орноос 180 дугаарт жагсдаг юм.

Буркина-Фасо нь ОХУ-тай сансарт зэвсэг байрлуулахгүй байх гэрээ байгуулсан Африк тивийн анхны улс биш.

Сүүлийн жилүүдэд Оросын эрх баригчид Уганда, Того, Сьерра Леон, Бурунди, Суринам зэрэг үндэсний сансрын хөтөлбөргүй улсуудтай ийм гэрээ байгуулаад байгаа.

АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд сансрын зэвсэгт хүчинтэй болохоор ажиллаж эхэлсний хариуд Орос улс ийм дипломат алхам хийж байгаа гэдэг.

Ийм гэрээ байгуулах санаачилгыг Оросын талаас түрүүлж гаргадаг бөгөөд нөгөө улсад нь үнэндээ ямар нэг хүлээх үүрэг хариуцлага байхгүй ч “зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг” байр суурь илэрхийлж, олон улсын хэмжээнд нэр хүндээ өсгөх боломж олгодог болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: AFP