Уншиж байна ...

Ковидын вакцин олж авахын тулд Нидерландад довтлох талаар бодож байснаа Их Британийн ерөнхий сайд асан дурсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын оргил үед Ковидын эсрэг вакцин олж авахын тулд Нидерланд улсын нутагт оршдог агуулах руу довтлох боломжийг судалж байснаа Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон дурсамж номдоо бичжээ.

Удахгүй хэвлэгдэн гарах түүний дурсамж “Unleashed” нэртэй номд энэ тухай өгүүлснийг Daily Mail сонин өчигдөр олж нийтэлсэн байна.

Тухайн үед Европын Холбоо болон Их Британийн хооронд AstraZeneca вакцины экспорттой холбоотой маргаан дэгдэж, Брюсселийн эрх баригчид улс орныг нь “хоёрдугаарт тавьж байна” гэж Жонсон үзэж байжээ.

2021 оны гуравдугаар сард армийн удирдлагуудтай уулзахдаа Жонсон вакциныг хүчээр олж авах боломжийн талаар ярилцсан юм байна.

Энэ үеэр тэр Их Британид яаралтай хэрэгцээтэй байсан вакциныг олж авахын тулд Нидерландын Лейдэн хотод оршдог агуулах руу тусгай ажиллагаа явуулах нь техникийн хувьд боломжтой эсэхийг асууж байжээ.

Жонсон тэнд хадгалагдаж байсан вакцины нөөцийг Британи улс өмчлөх хууль ёсны эрхтэй гэж үзэж байсан гэнэ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, дэслэгч генерал Даг Чалмерс хатуу хийлдэг завьтай тусгай хүчнийхэн Нидерландын усан сувгуудаар нэвтэрч, ийм ажиллагаа явуулах техникийн боломжтойг тухайн үед Жонсонд тайлбарлаж байжээ.

Гэхдээ Чалмерс энэ ажиллагааг мэдэгдэхгүйгээр явуулах боломжгүй тул Их Британи улс “яагаад НАТО-гийн холбоотныхоо нутаг дэвсгэрт довтолсноо тайлбарлах шаардлага зайлшгүй тулгарах”-ыг  Жонсонд сануулж байжээ.

“Мэдээж би түүний зөв гэдгийг мэдэж байсан. Би тэдний бодолтой санал нийлж байсан. Гэхдээ үүнийгээ ил тод, чангаар хэлэхийг хүсээгүй” гэж Жонсон дурссан байна.

Дурсамждаа тэр бас коронавирусийн халдвар аваад үхлийн ирмэгт очсон ч сайн сувилагч нарын ур чадварын ачаар амьд гарснаа өгүүлжээ.

Жонсон 2020 оны дөрөвдүгээр сард эрчимт эмчилгээний тасагт хэд хоног хэвтсэн юм.

Тэрбээр эмчилгээ эхэлсэн эхний шөнө “дахиж сэрэхгүй байх” гэсэн айдсын улмаас унтаж чадаагүйгээ дурссан байна.

“Ямар нэг маш хүнд хэцүү зүйлийг туулж байгааг миний уушги надад хэлж байлаа. Сувилагч Женни, Луис нар шөнөжин хүчилтөрөгчийн машинтай бүх ур чадвараа гарган ажиллаагүй бол би үхэж болох байсан” гэж Борис Жонсон дурсамждаа бичжээ.

 

Эх сурвалж: The Guardian